Хуучирсан мэдээ: 2015.11.15-нд нийтлэгдсэн

Хэн ч зарлаагүй дайн

Хэн нэгний хайхрамжгүй үйлдэл, тоомжиргүй зангаас бол та бидний ойр дотнынхон цаг бусаар хорвоогоос хагацсан гашуун түүх өнөөдөр дайны үеийн хохирлын хэмжээнд хүрчээ.

Тиймээс ч өнөөдрийг “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхийн нийтийн өдөр” болгон дэлхий нийт зам тээврийн ослын эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлэхийг уриалж байна. Замын цагдаагийн газраас ч 2015 оны арваннэгдүгээр сарын 15 буюу өнөөдрийг “Хэн ч зарлаагийн дэлхийн III дайн” болох зам тээврийн ослоос урьдчилан сэрэмжлүүлж, зам тээврийн ослоор хохирогсдыг дурсах өдөр болгон онцгойлж байна.

Тоон баримт иш татвал 2015 оны эхний 5 сарын байдлаар гарсан гэмт хэрэг улсын хэмжээнд 870 бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөө орон нутагт 365, нийслэлд 502 ослын улмаас  554 хүн хүнд хөнгөн гэмтэж 141 хүн амь насаа алдсаны 87 нь хөдөө орон нутагт, 53 нийслэлд болсон ослоос үүджээ. Харин үүнээс хойш дараагийн таван сард энэ тоон үзүүлэлт өссөнөөс бус буураагүйг Замын цагдаагийнхан онцоллоо.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийг насны хувьд авч үзвэл 0-17 насны хүүхэд 10.6%, 18-35 насны хүн 36.2%, 35-54  насны хүн 41.8%, 55-аас дээш насны хүн 11.39%-ийг тус тус эзэлж буй хар үзүүлэлт байна. Замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг авч үзвэл жолооч 70, явган зоригч 52, тээврийн хэрэгслээр зорчигч 57 байна. Үүнээс согтуугаар үйлдэгдсэн хэрэг 57, мотоцикль холбогдсон осол 32, онхолдох хэлбэрээр гарсан осол 80 байгаа аж.

Харин 2014 оны эхний 11 сарын байдлаар ослын улмаас 8 хүүхэд нас барж 119 хүүхэд гэмтэж байжээ.

Бидний хайхрамжгүй үйлдэл, хүлээцгүй зан, би болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминчхан бодлоос болоод өөрөө төдийгүй өрөөл бусдын амь насыг бүрэлгэсэн аймшигт ослууд болсоор байна. 

Гэхдээ бид энэ бүхнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Иймд замын хөдөлгөөд оролцож буй хэн бүхэн өөрсдийн аюулгүй байдлаа сайтар хангах, тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүйгээр явах сонголтыг хийж, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлсний дараа анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоход л энэ бүх асуудал шийдэгдэнэ.

Ердөө л энэ. Хууль, дүрмээ чангалахаас илүүтэй өөрсдийн ухамсраараа энэ бүхнийг хэрэгжүүлэхэд л чимээгүй дайн гэгдээд буй энэ бүх үхэл, хагацал, бэртэл гэмтлийг бид арилгах нь дамжиггүй. Тиймээс яг одооноос та өөрийн болоод гэр бүл, хойч ирээдүйнхээ төлөө энэ бүхнийг хэрэгжүүлж эхлээрэй.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж