Монгол эмчийн тэмдэглэлээс…

Хуучирсан мэдээ: 2015.11.15-нд нийтлэгдсэн

Монгол эмчийн тэмдэглэлээс…

News.mn сайт Үржингийн Байгалмаагийн ардын анагаах ухааны эмчилгээний талаар бичсэн “Монгол эмчийн тэмдэглэл” номоос уншигчдадаа цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад бөөрний талаарх зөвлөгөөг хүргэж байна.


Саяхан Монголд маань бөөрний 32 диализын (Hemodial­ysis) аппараттай боллоо гэсэн мэдээ сонсоод нэг талаар болж дээ гэж бодох боловч нөгөө талаар сэтгэл маань бага зэрэг эмзэглэж билээ. Энэ аппарат нь бөөрний дутагдалд орсон хүнд хэрэгтэй байлгүй яах вэ чухал хэрэгтэй гэж хэлнэ.

Харин сэтгэл эмзэглэх болсон гол шалтгаан нь түүний цаашдын гаж нөлөөг нь тооцохгүйгээр шээсний шинжилгээ бага зэрэг өөрчлөлт өгсөн, цусанд мочевин, креатинин бага зэрэг ихэссэн, нүүрээр батга гарсан, ямар ч зовуурь шаналгаагүй хүн цусан дахь хороо цэвэрлүүлж байна гээд энэ аппратанд ордог болжээ.

Ингэж цусаа цэвэрлүүлсний дараа маш их хөлөрдөг болсон, нэгэнт л аппарат л юм хойно хүний биеийн хэрэгтэй уураг, эрдэс бодисыг хамтад нь шүүснээс дархлаа нь суларсан, цус багадсанаас ихэд амьсгаадсан, жирийн шээж байсан хүн дээрх аппаратанд ороод шээс хэт шингэрснээс давсагт үзүүлэх даралтгүй болсны улмаас бүр шээс нь гарахаа байсан зэрэг олон зовуурь шаналгааг олж над дээр ирж байсан билээ.

Бөөрний архаг өвчний талаар нэгэн жишээг дурдахад: Хөдөө нутгаас нэгэн эмэгтэй 2О настай хүүгээ үзүүлэхээр ирэв. Тэрээр “Дөрвөн хүүтэй бүгд одоогоор сурч боловсорч байгаа тул мөнгө төгрөгийн боломж их муу ядуу тарчиг амьдралтай” гэдгээ илэн далангүй ярин хүүгээ зөвхөн үзүүлэн зөвлөгөө авахаар иржээ. Хүү нь шээсэнд уураг, бактер, цусны улаан, цагаан эсүүд ихээр ялгардаг тул хүчтэй антибиотек, гормон, дархлаа бууруулах эмчилгээ ихээр хийлгэдэг бөгөөд шинжилгээ нь сайжрахгүй бол бөөрний диалез хийлгэх шаардлагатай гэсэн гэлээ.

Тэр хүү тамирдан сульдсан нь илт уруу дорой нэгэн байсан тул өрөвдөж “Эмчилгээг тогтмол хийлгэнэ гэвэл үнэгүй эмчилгээ хийе” гэлээ. Ээж, хүү хоёр дуртай зөвшөөрч эмчилгээг эхлэв.

Эмчилгээний дүнд бие нь эрс сайжран хүч тамирыг олж сүүлдээ трактор унан эцэг эхдээ туслах болж баяр хөөртэй ирдэг болов. Нэгэн өдөр ээж нь нэлээд омогтойнхон орж ирээд:

– Удахгүй тэтгэмж сунгах хурал болно. Гэтэл хүүгийн шинжилгээ сайжирсан тул хэсгийн эмч энэ шинжилгээний дүнг үндэслэн тахир дутуугийн тэтгэлгээс хасагдана байх гэсэн. Яавал шинжилгээг муу гаргаж болох вэ? гэлээ. Би:

– Хүү чинь эрүүл болоод ажил хийвэл өөрт нь ч хэрэгтэй арай илүү орлого олох боломж гарах бишүү гэсэнд:

– Та амьдрал мэдэхгүй байна манай энд ажил олддоггүй. Энэ тэтгэмж нь биднийг тэжээдэг гол мөнгөн орлого мэдэж байна уу гээд л нэлээд бухимдангуй байв. Түүний энэ байдлыг хараад:

– Та над дээр тэгээд яах гэж ирснийг би нэг л сайн ойлгохгүй байна. Хүү чинь уг нь эмчилгээнийхээ үр дүнг хадгалах эмчилгээ бага зэрэг хийлгээд л дахин өвдөхгүй байж болно шүү та хүүгээ аваад ирэхийг бодоорой гэтэл тэрээр намайг нэг том харчхаад “Хн, үүнтэй ч юу ярих вэ дээ” гэсэн аятай гараа савлаад гараад явж билээ.

Энэ залуугийн хувьд судал нь түргэн бөгөөд живэнхий дорой тул дотор халуун нь биеийн тамирыг шатааж дээр нь архаг өвчтэйн шинж байсан тул халууныг арилгах бөөрийг сэрүүтгэх зарчмаар Гурван улааны тан, Баатар 7, Бираг 13, Халма 10, Бөөрний арүр 10, Арүр 18-г чихэртэй усаар даруулж ээлж дараалан уулгах зэргээр бөөрний үрэвслийг дарахын хамтаар Эс шингэсний анар 8, Амь баригч чандмань эрдэнэ зэрэг эм тангаар элэг, дэлүү ходоод гэдэсний үйл ажиллагааг тэгшитгэж өгснөөр цусны тамир сайжирч улмаар зүрх, тархины үйл ажиллагаа сэргэн ирсэн байлаа.

Үржингийн БАЙГАЛМАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж