
Шинжээчид Москва Киев хоёрын байгалийн хийн хамтын ажиллагааны маргаанаас ангижирч амжилгүйгээр Хятад-Оросын ирээдүйн хийн нийлүүлэлтийн гэрээний талаарх Орос-Хятадын гэрээнд дүн шинжилгээ хийхээр болж байна. Хэлэлцээрийн сүүлийн шатны явцад яриа хэлцлийн эцсийн тохиролцоонд хүрч чадна гэдэгтээ Бээжин итгэлтэй байна. Энэ тухай өнгөрсөн долоо хоногийн дундуур Хятадын эрчим хүчний CNPC компанийн удирдлагад ойр эх сурвалж мэдээлсэн юм. Гэтэл “Газпром” компанийн ажилтнууд эцсийн тохиролцоонд хүртэл маш хол байгаа гэж хэлжээ.
Сануулахад “Газпром” компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов өөртөө таарсан үнийн санал автал зүтгэхээр шийдсэнийг хэлээд “Гэрээг бүрэн байгуулах хугацаа эрсдэлд ороогүй” хэмээн онцолжээ. “Эдгээр ордоос бид Европт хий нийлүүлдэг. Хятадад байгалийн хийг нийлүүлэхдээ европт өгдөгөөс хямд үнээр нийлүүлэх ёсгүй” гэж тэр тайлбарлахдаа газар зүйн байршлын хувьд Хятад Европоос ойрхон гэдгийг ч мартсангүй хэлжээ. Саяхан БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайдын хэмжээний туслах Чэн Гопин хэлэхдээ, “Зөрөлдөөн бол байдаг л зүйл. Одоо хоёр компани ажил хэргийн хэлэлцээрээ хийж байна” гэжээ.
Түүний үгийг бататгах мэт “Бид хэлэлцээр амжилттай болоод Ху Жиньтаогийн айлчлал болох үед бүх зүйл шийдэгдчихнэ гэдэгт найдаж байна” гэж Хятадын нэгэн дипломатч хэлжээ. Энэ гэрээ хүчин төгөлдөр болвол Орос 30 жилийн турш Хятадад байгалийн хий нийлүүлэх юм. Гэхдээ баруун, зүүн гэсэн хоёр замаар нийлүүлэлтийг хийх юм. Баруун чиглэлийн замаар нийт 30 тэрбум, зүүнээр нь 38 тэрбум шоо метр хийг нийлүүлнэ гэсэн үг. Ирээдүйд энэ хоёр замыг бий болгох бөгөөд эхний ээлжинд баруун маршрутыг ашиглалт өгөх гэнэ. Орос Хятадын Засгийн газруудын харилцан тохиролцож гарын үсэг зурсан замын зургаар бол БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх энэ гэрээ 2011 оны долдугаар сарын 1 гэхэд байгуулагдсан байх ажээ.
Засгийн газартаа түлш, эрчим хүчний асуудлыг хариуцдаг дэд ерөнхий сайд Игорь Сечин уг гэрээг зургадугаар сарын эхний хагаст байгуулан гарын үсгээ зурцгаана гэсэн юм. Үнэндээ бол Оросын Европт нийлүүлдэг хийний 1000 шоо метр тутмын үнээс Хятад 100 ам.доллараар хямд хий авна гэж байгаад л асуудал үүсээд байгаа билээ.
Хятадын байгалийн хийн асуудлыг судалдаг Wood Mackenzie компанийн захиралын ярьж буйгаар “Хоёр маршрутын зүүн нь Хятадад ашигтай. Энэ чиглэлээр нийлүүлэлт хийвэл замын зардал бага тусах бөгөөд Зүүн Хойд Хятадын улиралын чанартай өсч байгаа импортын хэмжээг бүрэн хангах боломжтой юм. Баруун хэсгийн маршрут нь харин ирээдүйд ач тусаа өгнө. Тэр замын тусламжтайгаар Төв Азийн нийлүүлэлттэй өрсөлдөх хэмжээнд очин тэднийг хязгаарлах боломжтой. Гэхдээ Хятадын сонирхлыг тэргүүлэхийн тулд тэд үнийн тал дээр Орост буулт хийн зөвшилцөх ёстой” гэжээ. Баруун замын маршрут нь Орост стратегийн давуу талыг шууд өгөх юм. Мөн тэр нь Европ дахь урт хугацааны гэрээний портфелийг бэхжүүлэхээс гадна нефтийн бүтээгдэхүүний үнэ бүрэлдүүлэх индексацийг дэмжиж өгнө.
Гэтэл энэ асуудлаар орос шинэжээчид нэгдмэл санаанд хүрээгүй байна. “Ямар ч тохиолдолд бид ерөнхий гэрээгээ хийсэн байх ёстой. Учир нь Хятадын лидерийг айлчлах үеэр бичигдэх үр дүнгийн баримт бичгүүд нь чухал үйл явдал бөгөөд түүнийг тасалдуулах нь сөрөг нөхцлийг гаргах юм” гэж “Универ” компанийн хөрөнгө оруулалтын судалгааны тасгийн дарга Дмитрий Александров хэллээ. Түүнийхээр үнийн уян томъёолол эсвэл аль нэг талын буулт нь өөр асуудлаар нөгөө талын хийх буултаар зохицуулагдах бололтой. Үр дүнд нь байгалийн хийг өөр асуудалд наалдуулах эрсдэл байгаа гэнэ. Тэр нь бүс нутагт хятад бизнесийг оруулах мөн гадаад эдийн засгийн асуудлыг хөнгөрүүлэх зэрэгт оршиж байж магадгүй. “Оросын хувьд Хятадын зах зээлд бэхжиж авах нь чухал байгаа. Зөвхөн байгалийн хийгээр ч биш. Үүний зэрэгцээ зах зээлийг нь хэт цатгахгүй байх нь чухал. Учир эрэлт унан үнийг бууруулах аюултай. Бүс нутгийн шахмал хийн үнийн уналт нь Японд нийлүүлэхэд сөрөг нөлөөг гаргаж ирнэ. Бүр цаашлаад Европын нийлүүлэлтэд ч нөлөөлөх эрсдэлтэй.
Ийм мэдээлэл гарахтай зэрэгцээд “Церих Кэпитал Менеджмент” компанийн ахлах шинжээч Виктор Марков гэрээг боловсруулах нь ойрын хугацааны ажил биш гэлээ. Тэрээр энэ тухай “Гэхдээ гэрээг боловсруулсанаар үнийн асуудал шийдэх бөгөөд Европын үнэтэй ойролцоо байх болно” гэжээ. “БКС” группын шинжээч Андрей Полищук тэмдэглэхдээ, “Хятадад зориулагдсан байгалийн хийн үнийн гэрээ урт удаан хугацаанд хийгдэж байгаа бөгөөд одоо л төгсгөлийн шатандаа орж байна” гэж ярьж байна. “Газпром”-ын хувьд Хятадын зах зээл ирээдүйтэй чиглэл. Түүнд урт хугацааны гэрээ хийж авах нь чухал байгаа. Байгалийн хийн зах зээлийн өрсөлдөөн хурцдаж буй учраас “Газпром”-ыг зохих хэмжээний ухралт хийхэд хүргэж магадгүй юм. Гэхдээ тэр буулт нь гаслаад байхаар биш. Мөн Хятад хямд хийн оронд өөр зүйл ч санал болгож магадгүй юм. Үнэ нь европынхтой уяалдсан байх болов уу гэж Полищук дүгнэж байна. Заримдаа үнээ буулгасан шиг урт хугацааны гэрээ байгуулах нь Оросын компанид чухал байгаа. Харин Хятадын “CNPC” компани гэрээнд гарын үсэг зурахаа хойшлуулахад хангалттай цаг бий гэж шинжээчид үзэж байна.

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин