Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 18

Дөрөвдүгээр сарын 18-ны баяр

Өнөөдөр тэмдэглэгдэх Хөшөө дурсгал ба түүхт газруудын олон улсын өдрийн уриа нь “Манай түүхэн эх орноо хадгалья” гэсэн үг болж байна. ЮНЕСКО-гийн дэргэд байгуулагдсан Хөшөө дурсгал, түүхт газруудын асуудал хариуцсан олон улсын зөвлөлийн ассамблей (ICOMOS) энэ өдрийг 1982 онд тэмдэглэхээр шийдсэн ба 1984 оноос хойш уг баярыг хийж иржээ.

Замбези ба Лимпопо голуудын хооронд орших өмнөд Африкийн Зимбабве улс Тусгаар тогтнолын (Independence Day in Zimbabwe) баяраа тэмдэглэдэг. Энэ өдрөө тэнд Бүгд найрамдах улсын өдөр (Republic Day) гэж цөөнхийн цагаан арьстнуудын Засгийн газрыг ялсаны баяр болгон бас нэрлэдэг.
XII-XVII  зуунуудад өнөөгийн Зимбабвегийн нутаг дэвсгэрт Мономотапа гэдэг улс оршин тогтнож байжээ. Мономотапын цэцэглэлт XIV-XV зуунуудад тохирч түүний нөлөө нь хоёр голын завсраасгадагш тархсан байлаа. Омгийн дайнд Мономотапа нэрвэгдэн 1693 онд мөхжээ. Матабеле омгийнхон өөрийн удирдагч Мзиликазийн удирдлага дор 1834 онд Зимбабвед нэвтрэн розви гэх улсыг нь өөрийн мэдэлд авав.

Үүнээс хагас зуун жилийн дараа Английн колончлогчид уг нутгийг эзлэн Өмнөд Родези (Southern Rhodesia) нэртэй улс болгосон байна. Их Британи 1923 онд Өмнөд Родезийг автономит колони гэж зарласан юм. 1965 оны арваннэгдүгээр сарын 11-нд Иан Смитын (Ian Smith) цагаан арьстнуудын цөөнхийн Засгийн газар арьсны өнгөөр гадуурхагч дэглэмийг хадгалан тусгаар тогтнолоо зарласан боловч Их Британиас өөр улс түүнийг хүлээн зөвшөөрөөгүй билээ. Африкчуудын зэвсэгт тэмцэл нь 1980 оны дөрөвдүгээр сарын 18-нд Зимбабве гэсэн тусгаар улсыг гаргаж ирсэн юм. Шинэ улсын уриа нь “Эв нэгдэл, Эрх чөлөө, Ажил” (Unity, Freedom, Work) гэсэн үгнүүд болжээ. Анхны чөлөөт сонгуулиар марксист Роберт Мугебе ялалт байгуулан тус орны бараг гучин жил удирдахдаа чөлөөт эдийн засгийг нь эвдлэн дэлхийн ямар ч оронд гараагүй хэдэн саяын инфляци, ядуурал дагуулан Африктаа хөгжлөөр тэргүүн байсан оронг хамгийн дорой улс болгосон байна.

Үйл явдал

1025 ОН.
Эртний Польшийн нийслэл Гнезно хотод 992 оноос Польшийн ван байсан Зоригт I Болеславыг анхны хаан болгон өргөмжиллөв. Тэр нь Польшийн хааны нэр хүндийг нэмэгдүүлэх ёстой байсан гэнэ. Харамсалтай нь тэрээр үүнээс хоёр сарын дараа нас баржээ. Залуудаа дайн тулаанд эр зоригоо харуулж байсан учир Зоригт гэсэн чимгийг тэр нэрэндээ дагуулсан байлаа.

 


1506 ОН.
Ромын хамба лам II Юлий (1443-1513) Ром хотоо Хувилгаан Петрийн сүмийн  шав тавьжээ. Сэргэн мандлын үеийн уран барилга, уран зургийн шилдэг мастерууд Донато Браманте (1444-1514), Жовани Лоренцо Бернини (1598-1680), Рафаэль (1483-1520), Микеланжело (1475-1564) нар болон бусад суутнууд католикийн ариун шүтээн болсон дэлхийн христийн хамгийн том сүмийг бүтээхэд оролцсон юм. Сүмийн барилга 1626 онд аравнайлагджээ.
Анх Ромын эзэн хаан Агуу гэсэн тодотголтой I Константин (272-337) тэр бууринд Христийн анхны дээд номлогч Хувилгаан Петрын сүмийг босгосон байлаа. Үүнээс 1300 жилийн дараа шинэ сүм тэнд сүндэрлэсэн билээ.

1902 ОН. 108 жилийн өмнө гэмт хэрэгтэнг танихын тулд хурууны хээг анх ашиглажээ.Хүн бүрийн хурууны хээ өөрийн онцгой зураглалтай. Английн Уильям Гершель гэдэг хүн гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд хурууны хээг ашиглах санааг анх гаргасан байна. Энэ өдөр түүнийг хамгийн анх удаа Данид хэрэглэсэн байна.

 2002 ОН. Италийн хойд нутаг дахь эдлэн газартаа Норвегийн угсаатан зүйч, жуулчин, археологч Тур Хейердал 88 насандаа таалал төгсчээ. Тэрээр салан завь “Кон-Тики”, зэгсэн завь “Ра-1”, “Ра-2” ба “Тигрис”-ээр далайн аялал хийж ихээхэн алдартай болсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж