Монгол цэргийн жавхааг бахдав

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Монгол цэргийн жавхааг бахдав

Орхон, Дундговь аймгийнхан Монгол цэргийн жавхааг бахдав
Монгол Улсад шинэ үеийн батлан хамгаалах алба Цэргийг хэргийг бүгд захиран шийтгэгч яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Орхон, Дундговь аймгуудад энэ сарын 10-11-ний өдрүүдэд болов. Аранжин зэсийн орон хэмээгддэг Эрдэнэт хотын “Найрамдал” талбайд Зэвсэгт хүчний 186, 303 дугаар ангийн дайчид, цагдаагийн газар, Онцгой байдлын албаны офицер ахлагч, түрүүч байлдагчдын оролцсон цэргийн ёслолын жагсаалыг сонирхохоор баасан гарагийн үдэд оршин суугчид олноор ирсэн байлаа. Парадын үеэр 084 дүгээр ангийн шүхэрчдийн буулт хүмүүсийн анхаарлыг багагүй татаж байсан. Түүнчлэн 086 дугаар ангийн жагсаалын болон 330 дугаар ангийн дайчдын гардан тулааны үзүүлэх тоглолт, Үлээвэр найрал хөгжмийн тоглолт зэрэг болсон юм. БХЯ-ны харъяа байгууллагууд, нийслэлийн цэргийн хэлтэс, Монгол цэргийн музей, “Бөртэ” оёдлын үйлдвэрээс гаргасан үзэсгэлэнгээр хүмүүс нүдээ хужирлаж, найман шижгэр залуу гэрээт цэргийн албанд саналаараа элсэж үнэмлэхээ гардан авав. БХЯ, ЗХЖШ, Эрдэнэт хотын удирдлага, хөдөлмөрчдийн төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөсөн. Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажллагааг сурталчлах гэгээрлийн хурал “Уурхайчин” соёлын ордонд болж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор өндөрлөсөн юм. Өдөрлөгт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 64 бөхийн барилдаанд улсын гарьд Г.Доржсамбуу түрүүлж, улсын харцага Э.Мөнгөнцоож үзүүрлэв. Орхон аймгийн төв талбайд болсон үдшийн цэнгүүнд залуус өргөнөөр оролцож, энэ үеэр ёслолын буудлага боллоо.

“Дуу хуурын өлгий нутаг” хэмээгддэг Дундговь аймагт зохиогдсон БХЯ-ны 100 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээнд нийт 30 гаруй техник, 300 гаруй хүнтэй бие бүрэлдэхүүн оролцсоноороо онцлог болсон гэхэд хилсдэхгүй. Газар нутаг гандуухан ч төв халхын зон олон найрсаг зочлуу заншлаараа цэрэг армийнхнаа хүлээж авсан билээ. Цуваагаар яваа олон тэрэгний тоос тэнгэрт татсан хөшиг мэт суунаглана. Монголын өмнөд зүг одсон зам харгуй уул уурхайгаас олз ашиг горилоочдын том тэрэгдийн дугуйн аясаар хөрс нь улаанаар умбарчээ. Дундговь аймаг айраг, адуу, уртын дуугаараа ар халхад төдийгүй даяар Монгол, даян дэлхийд алдартай бүлгээ. Монголын орчин цагийн уран зохиолын байгууллагыг үндэслэгч гавьяат уран зохиолч С.Буяннэмэх, Монгол түмний гайхамшигт дууч, ардын жүжигчин Норовбанзад, ардын уран зохиолч С.Дашдооров, төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, Д.Төрбат, “Болор цом”-ын хошой шагналт яруу найрагч Ц.Чимэддорж нарын уран үгсийн мастерууд чухам энэ л нутгаас мэндэлсэн нь гайхамшигтай. Монгол Улсаа батлан хамгаалах ариун үйлсэд ч дундговьчууд нэр, мөрөө үлдээснийг “Морьт цэргийн жанжин” хэмээн алдаршсан хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Ж.Содном, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, хурандаа Ц.Галбадрах, Д.Рэнцэнханд, Д.Шаравсамбуу, Батлан хамгаалахын сайдын иргэний зөвлөх Ц.Ганболд, “Соёмбо” сонины эрхлэгч, дэд хурандаа Г.Нямдорж нарын цэргийн олон арван зүтгэлтнүүдийн намтар цэдигээс харж болно.

Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн энэ онд тохиож буй болохоор бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Аймгийн Засаг дарга Д.Чандмань Цэргийн штабтайгаа нягт хамтран ажилладгаа, орон нутагт байдаг Зэвсэгт хүчний 278 дугаар ангид өөрийн мэдлийн гүний худагтай болоход нь 3.5 сая төгрөгийг гаргаж өгснөө арга хэмжээний нээлтийн үеэр дурдаж байв. Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажилагааг сурталчлах арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Р.Раш, сайдын цэргийн зөвлөх, хошууч генерал М.Борбаатар, сайдын иргэний зөвлөх Ц.Ганболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч, яамны Төрийн захиргааны газрын дарга, дэд хурандаа Ш.Сүхбаатар, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга, хурандаа Х.Батсайхан, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нар хүрэлцэн очиж оролцсон юм. Мандалговь хотын төв талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим эх орон, цэргийн сэдэвт маршийн тоглож, 016 дугаар ангийн байлдагчид жагсаалын үзүүлэх тоглолт сонирхуулан, гардан байлдааны үзүүлэх тоглолтыг 150 дугаар ангийнхан бахархууштай сайхан үзүүлэв. Хурандаа Б.Дамба захирагчтай 084 дүгээр ангийн шүхэрчин дайчид аймгийн төв талбайд амжилттай газардаж үзэгч олны талархлыг хүртсэн. Аймгийн теле сувгуудаар батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой “Монгол цэргүүд Иракт” баримтат кино,  “Дуулга” студийн уран бүтээлчдийн бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг цацсан нь ард олонд армиараа бахархах сэтгэлийг төрүүлж байлаа.

Аймгийн Төв халхын дуулалт театрт болсон Гэгээрлийн хурал дээр Батлан хамгаалахын сайд Л.Болд “Монгол цэрэг бол Монголын ард түмэн бид өөрсдөө юм. Монгол цэрэг хэзээ ч ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа хийхгүй” хэмээн онцлон хэлэхэд хүмүүс бахдалтайгаар хүлээн авсныг дурдах нь зөв. ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг дундговьчууд өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авсан төдийгүй, ард олонд “морины” хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Г.Батбаярыг лавтайяа гурвантаа дахиулсан. Зэвсэгт техникийн үзэсгэлэн, энхийг сахиулах ажиллагааны сурталчилгаатай танилцсан олон түмний таашаалд нийцсэн нэгэн үйл явдал бол БХЯ-ны түүхт ойд зориулан МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бүтээсэн “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр олонд танигдсан жүжигчин Т.Эрдэнэбаяр хүрэлцэн очиж Мандалын говийнхонтой нүүр учирсан явдал байлаа. “Улаан туг” Дэндэвийг төв талбай дээр “Ааваа зорино” дуугаа дуулахад хүүхэд багачууд бүчиж, эхчүүд балчир үрсээ түүний хамт зураг даруулах гэж дугаарлаж байлаа. “Тусгай салаа” киног бүтээхэд үнэтэй зөвлөгөө хайрласан Ц.Ганболд зөвлөхөд нутгийнхан нь Дэндэвийг дагуулж ирсэнд гүн талархлаа дэвшүүлж байсан. Ёслолын жагсаалын ажиллагаа БХЯ, ЗХЖШ-ын болон орон нутгийн удирдах албаны хүмүүс Д.Сүхбаатарын хөшөөнд цэрэг өргөснөөр өндөрлөсөн юм. Гэрээт цэрэгт Сайнцагаан сумын уугуул Э.Ууганбаяр, Д.Отгонбаатар, Цагаандэлгэр сумын харъяат Р.Ариунсанаа нарын залуус саналаараа элсэж Монгол Улсаа батлан хамгаалах үйлст зүтгэхээ тангараглав. Залуус ийнхүү шинэ ажлын байртай болсонд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд талархаж байв. Улсын арслан До.Ганхуяг, улсын начин Зоригт нарын хүчит улс, аймаг, цэргийн цолтой 64 бөх барилдсанаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан Шинэбаатар түрүүлж, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв. Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн нарийн мэргэжлийн эмч нар Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Дэлгэрцогт суманд байрлаж хоёр хоног оношлогоо шинжилгээ хийхэд 1500 гаруй иргэн хамрагдлаа.

Л.БАТЦЭНГЭЛ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж