Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэх “бор шувуу” хэвлэлээр ниссэн. Тэгвэл энэ мэдээлэл худлаа, Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурах хүн биш, тэгээд ч тэрбээр өвчний улмаас эмийн чөлөөтэй байгаа талаар зарим гишүүн хэлж байна. Экс Ерөнхий сайдын хөл нь өвдсөний улмаас ажлаасаа эмийн чөлөө аваад байгаа юм байна. Тэрбээр өнгөрсөн жил мотоцинклоос унаж, хөлөө гэмтээсэн бөгөөд уг хөл нь дахин өвдсөн талаар албан бус эх сурвалж мэдээлэв.
Тиймээс Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэх мэдээлэл саарал ордноос гарсан бор шувуу гэдгийг батлах хүн байна. Харин хэн энэ бор шувууг нисгэсэн нь тодорхойгүй байгаа ч АН-ынхан дотроосоо байж магадгүй гэсэн хардлага ч явж байна.
Ямар ч гэсэн ойрдоо чуулганы хуралдаан, байнгын хороо, бүлгийн хуралдаандаа суухгүй байгаа Н.Алтанхуяг өвчтэй байгаа юм байна. Тэрбээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд арга хэмжээний тухай төслүүдийг УИХ-д өргөн барьсан бөгөөд чуулганы хуралдаанаар удаа дараа хойшлогдож, хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа билээ.
Өршөөлийн хуулийг батлах явцад тэрбээр, хууль, шүүх прокурор, АТГ хүний эрхийг зөрчиж байгааг шүүмжилсэн. Түүний үгийг МАН-ын зарим гишүүд хүлээн зөвшөөрч, энэ асуудлаар хаалттай хэлэлцүүлэг явуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Т.СОЛО