Аливаа хүний хувь тавилан бурхны зураг зурлагаар явдаг гэдэгт эдүгээ хүмүүс зуун хувь итгэдэг болжээ. Магадгүй энэ нь үнэний хувьтай байж болох л юм. Гэвч бурхны зургаар явж байна гээд алмайрч суух аваас бурхны хилэнг хөдөлгөж, хүмүүний хувь тавилан "булингартаж" огт өөр зураг зурлагаар явчихдаг тохиолдол гардаг нь бурхан бус хүнээс өөрөөс нь илүү их хамаардагийг харуулж буй хэрэг. Үүнээс ургуулан бодвоос ямар ч үед хувь хүмүүний сэтгэл зүрх, ухарч няцашгүй зүтгэл чармайлт илүү их үр нөлөөтэй байдаг бус уу. Өөрөөр хэлбэл бурхны хайрласан буянг хүн оюун ухаан, авъяас билэг, хүч хөдөлмөрөөрөө хөгжүүлж өөрийгөө бүтээнэ гэсэн үг. Үүнийг өгүүлэн эс өгүүлбээс, Дорнод аймгийн Баяндун сумын эгэл жирийн нэгэн иргэн Очир гуайнхаас гурван нэртэй зураач хорвоод мэндэлсэн нь Монгол Улсын ардын зураач О.Цэвэгжав, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач О.Мятар, зураач О.Гэндэн-Осор гурав бүлгээ. Нэрт зураач Очирын Цэвэгжав гуай бол монголын дүрслэх урлагийн "хаадын нэг" билээ. Тэр алдартай уран бүтээлчийн бүтээлүүд монголын ард түмэн байтугай дэвэн дэлхийн хүн ардын мэлмийд толилуулагдаж, зүрх сэтгэлийг нь догдлуулж ирсэнийг хэлэх юун. О.Цэвэгжав гуайн төрсөн дүү О.Мягмар уран зураач болсон нь билэг танхай ахынх нь нөлөө тусгал байжээ. Өөрөөр хэлбэл, түүний ирээдүйн чиг ханддагыг ах нь чиглүүлж өгчээ хэмээн хэлж болно. Энэ дашрамд өгүүлэхэд монголын зураачдын удам дамжсан олон авъяаслаг уран бүтээлчид байдгийг монгол түмэн мэдэх билээ. Энэ нь юуг харуулж байна вэ хэмээвээс оюун ухааны нөлөөлөл цөмийн урвал мэт сацран гэрэлтэж байдгийг харуулж буй хэрэг юм. Монголын нэрт зураачдын нэг болох О.Мягмар гуай дээр дурьдсан аймгийн Баяндун сумын "Уртын гол" хэмээх газар 1930 оны 8-р сарын 15-нд мэндэлжээ. Багаасаа зураг зурдаг ахаасаа хааяа жавтий хүртэн байж зурах, урлахын арга ухааны дөртэй болж авмагцаа 16 настай байх үедээ буюу 1946 онд Урлагийн сургуулийнуран зургийн ангид орс-он нь түүний ирээдүй болсон уран бүтээдийн хүлгийн жолоог тас атган тэлгүүлэх хувь ерөөлийг атгуулсан юм. 1948 онд сургуулиа төгсмөгц алдар суут ах нь Дүрслэх урлагийн газар зураачаар ажиллуулж дээ. Тэндээ найман жил ажшшаад 1956 онд Москва хотноо Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд кино зураачийн сургуульд суралцахаар явжээ. Энэ бол түүний амьдрал, хувь заяаны эргэлт болсон юм.
Тэр битгий хэл дурслэх урлагийн нэг шинэ төрөл зүйлийн гараан дээр тийнхүү очсон нь түүнд бурхны өгсөн хишиг байлаа. Кино хэмээх гайхамшигтай урлаг. Уран зураг түүний дагалт зүйл мэт гаднаасаа харагдавч ер бусын өвөрмөц, ер бусын дүрслэл хэллэгийг дэлгэцээр дамжуулан үзэгч олонд хүргэн, оюун ухааныг нь сацрааж байдаг бас л ер бусын гэмээр өвөрмөц нэгэн урлаг бүлгээ. Үүнийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм. Энэ нь юунаас харагдаж байна вэ хэмээвээс сүүлийн үеийн "киночид" бүтээлдээ зураачдыг авахаа байсан боловч эдүгээ овоо ойлгож, зураачидтай үр бүтээлтэй хамтран ажиллах болсон юм. Үүнийг эс өгүүлэн өгүүлэхэд, О.Мягмар гуай оросын кино урлагийн нэртэй уран бүтээлч, профессор Б.В.Дубровский – Эшкегийн урланд кино зураачийн эрдмийг хичээн суралцаж, 1961 онд төгсч ирээд "Монгол кино" үйлдвэрт зураач, ерөнхий зураачаар ажиллаж, 1997 оноос Кино урлагийн дээд сургуульд насан өөд болтлоо ажиллаж билээ. Кино урлагийн дээд сургуульд ажиллах болсон үеэс нь Мягмар гуай бид хоёр "амидаа" болохоор зав чөлөөгөөрөө уран бүтээлийн талаар нэг бус удаа нээлттэй ярилцдаг байлаа. Мягмар гуай их даруу олон таван үггүй, хэнийг ч дээр дор гэж ялгахгүй ярьж суудаг өгөөмөр сайхан сэтгэлтэй хүмүүн байсансан. Тэрээр 1961 онд анх найруулагч Д.Чимид-Осор гуайн бүтээсэн “Гологдсон хүүхэн" киноноос эхлээд 1995 онд найруулагч Д.Содномын "Цагаан дуганы гэгээ" киног хүртэл 34 киноны ерөнхий зураачаар ажиллажээ. Эдгээр кино нь сэдэв агуулга, орчин ахуй, хэлэх хэмээсэн санаа гээд олон зүйлээрээ хоорондоо эрс тэс ялгаатай бүтээлүүд байсан учир зураач О.Мягмар гуайн хувьд тэр кинонуудын дүрслэлийн хэлийг тухайн кино болгоны өнгө аяс, илэрхийлэх хэмээсэн утга санаа, ахуй орчинд нь эвцэлдүүлэн тааруулж, өөрийн бүтээлийн төрх төлвийг харуулах хэмээн оюун ухаан, авъяас билэг, ур ухаанаа дайчлан ажиллаж ирсэн нь үзэгч, судпаачдаас өндөр үнэлгээ авч ирсэн билээ.
Тиймээс ч 1990 онд Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн хэмээх цолыг хүртсэн юм. Тэдгээр кинонд ажилласан, дүрслэлийн хэлийг нь хэрхэн бүтээсэн тухай олон зүйлийг өгүүлж болох боловч гол хэдэн бүтээлүүдийнх нь талаар товч өгүүлсү. Юуны өмнө "Өглөө" киноны дүрслэлийн "хэлний" тухай авч үзэе. Энэ кино нь ардын хувьсгалын удирдагч, бүх цэргийн жанжин ДСүхбаатар тэргүүтэй ардын намынхан гадаад дотоодын дарлагчдыг устган, эрх чөлөөт амьдралын өглөөг эх орондоо авчирч буйг харуулсан түүхэн уран сайхны кино билээ. Энэ утга агуулгыг ерөнхий чиглэл болгож, зураач О.Мягмар юуны өмнө тухайн цаг үеийн өнгө төрхийг урлан бүтээх дүрслэлийн аргаар хэрхэн харуулах вэ гэдэг талаар олон арван өдөр бодож, нарийн судалгаа хийж, гол гол хэсгүүдийн орон зай, ахуй нөхцөл, харагдах дүрс, хүнтй оюун ухаанд хэрхэн ойлгомжтой үзэгдэх, ямар санаа өгөх гэх мэтчилэн олон талаас нь бясалгаж, ялангуяа Алтанбулагийг ардын хувьсгалын дайчид эзлэж буй хэсгийн ахуй байдлыг түүхэн үнэнд ойртуулан харуулахыг хичээн дүрсэлсэн нь уг киноны тухайн үйл явдлыг үзэгчдэд үнэн бодитой харуулснаар зогсохгүй, тэрхүү цаг үеийн үнэн дүр төрхийг сэтгэл санаанд нь дураайтал буулгаж чадсанаараа үнэтэй юм. Тэрчлэн ардьн хувьсгалт цэргүүд Хүрээнд орж ирж буй үеийн зургийн ахуй байдал, Д.Сүхбаатар, В.И.Ленинтэй уулзаж буй үеийн их хувьсгалчийн өрөөний өнгө төрх зэргийг үнэхээр бодитой мэт харуулсан нь үнэлж баршгүй томоохон уран бүтээл болсон билээ. Тэрчлэн О.Мягмар гуайн олон улсын хэмжээнд бүтээгдсэн нэг бүтээл бол ЗХУ-ын киноны уран бүтээлчидтэй хамран 1981 онд бүтээгдсэн "Говь Хянганд тулалдсан нь" кинонд оросын нэрт зураач Б.Кладиенкотой хамтран бүтээсэн бүтээл юм. Энэ кино нь дүрслэлийн талаас үзвэл маш өргөн далайцтай туурвил байсан учир маш нүсэр олон зүйлийг бүтээх шаардаага зураачдын нуруун дээр ирсэн байдаг. Тэр бүхнийг тоочихын аргагүй. Жирийн хүмүүсийн ахуйгаас эхлээд дайны фронт, төрийн зүтгэлтнүүдийн өргөөнөөс эхлээд жирийн цэргийн нуувчийг хүртэл хэрхэн харуулах асуудал бүхэн нь уран сайхны "хэл" болж харагдах ёстой болсон байдаг. Тэр бүхнийг туурвихад загвар зургаар эскизээр үндсэн санаагаа гаргаад зогсохгүй тэр бүхнийг янз бүрийн материалыг ашиглан янз бүрийн хэв загвар, утга санаагаар харуулна гэдэг зураачдын ур чадвар, сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөртэй холбоотой байдаг. Дээрхи зураачид тэр бүхнийг бүтээж чадсанаараа асар их гавъяатай юм. Энэ мэт олон уран бүтээлээрээ зураач О.Мягмар гуай монголын кино урлагт асар их үнэтэй хувь нэмэр оруулсан дахин давтагдашгүй том уран бүтээлч байсан билээ. О.Мягмар гуай киноны уран бүтээлээрээ монголын үзэгчдийн танил болоод зогсохгүй "Хярааны хонхорт", "Бароны сүүлчийн зам", "Эхийн хөрөг", "Хөдөлмөрийн баатар Цэрэндорж" зэрэг олон суурин станковый зураг болон олон өвөрмөц шийдэлтэй хөрөг зургуудаараа монголын ард түмний мэлмийг баясган, оюун санаанд нь шинэ эрчим хүчэнерги өгч ирсэн буянтай уран бүтээлч байлаа. Тиймээс монголын ард түмэн О.Мягмар зураачийг сэтгэл зүрх, оюун ухаавдаа одоо ч хүртэл эс мартан эрхэмлэн дээдэлсээр ирсэн билээ.
Кино зохиолч, судлаач ДҮЙНХОРЫН МЯГМАРСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН