Замын цагдаагийн газраас “Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээг аравдугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 10 хүртэл зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд Портер маркийн автомашинаас хууль бусаар тээвэрлэсэн 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг бууг илрүүлж, хураасан байна.
Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын I газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Батбаатар, СХД-ийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар ажиллажээ.
Т.НОМИН