Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын /УБЕГ/ Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Жолбарстай ярилцлаа.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үндсэндээ хоёр сар болж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх таван байгууллагын нэг нь УБЕГ юм.
Иргэдийн зүгээс энэ хуультай холбоотойгоор манай байгууллагаас зөвлөгөө мэдээлэл, тодруулга авч байна. УБЕГ-ын хувьд хуулийн хэрэгжилтийг хангахдаа хоёр чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт, эд хөрөнгийн бүртгэл, хоёрдугаарт, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр ажиллаж байгаа юм. Иргэдийн хувьд 2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнөх хугацаанд эд хөрөнгийн бүртгэлээ хийлгээгүй, эсвэл дарагдуулсан гэдгээ ил болговол үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвараас чөлөөлж байна. Ер нь энэ хоёр хувийн татвар иргэдэд дарамттай байдаг гэдэг. Жишээ нь 100 сая төгрөгийн хөрөнгө бүртгүүлсэн тохиолдолд хоёр хувийг нь буюу хоёр сая төгрөг авдаг. Тэгвэл эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд энэ хөрөнгөө ил болгосон тохиолдолд дээрх хоёр хувийн татвараас чөлөөлж байгаа юм.
Мөн эд хөрөнгөө зөрүүтэй, алдаатай бүртгүүлэх тохиолдол багагүй гардаг. Зарим иргэний хувьд дээрх хоёр хувийн татвараас зайлсхийх үүднээс арга хэрэглэх тохиолдол бий. Жишээ нь хоёр хувийн татвараас зайлсхийх үүднээс худалдан авалт хийсэн мөртөө бэлэглэлийн гэрээгээр бүртгүүлдэг. Тиймээс Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжих хугацаанд энэ мэт асуудлаа ил болгох хэрэгтэй.
-Хоёр хувийн татвараас зайлхийж бэлэглэлийн гэрээ хийдэг гэж байна. Тэгвэл үүнийгээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар ил болговол хоёр хувийн татвар авах уу?
-Авахгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд энэ асуудлаа ил болгосон тохиолдолд хоёр хувийн татвараас чөлөөлнө. Үүнээс гадна бэлэглэлийн гэрээ хийсэн тохиолдолд бэлэглэгчийг ноцтой гомдоовол бэлэглэгч тал руугаа хөрөнгө нь шилжих эрсдэл байдаг. Мөн бэлэглэлийн гэрээгээр байр худалдан авсан тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжгүй болдог. Энэ мэтчилэн эрсдэл бий. Тиймээс энэ мэт бүртгэлээ арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө ил болгож, бүртгүүлэхийг уриалж байна.
Мөн манай байгууллагаас хуулийн этгээдийн бүртгэлийг хийдэг. Жишээ нь хуулийн этгээд байгуулсан ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол энэ хугацаанд амжуулах хэрэгтэй. Үүнээс гадна хуулийн этгээдийн бүртгэл хийлгэсэн ч өөрчилсөн тохиолдолд бүртгүүлэх ёстой. Хувьцаа эзэмшигчид хувьцаагаа нөгөө хүндээ шилжүүлсэн бол бүртгүүлэх шаардлагатай гэсэн үг. Хуулийн хугацаанд 10 хоногийн дотор бүртгүүлдэг.
-Ер нь дээрх тохиолдлуудад бүртгүүлээгүй бол ямар хариуцлага тооцдог вэ. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд бүртгүүлбэл хариуцлагаас чөлөөлөх үү?
-Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар энэ торгуулиас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, 2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө дээр дурьдсан асуудал үүссэн бол ямар нэг татвар төлөхгүй, хариуцлага хүлээхгүйгээр бүртгэлээ хийлгэх боломжийг олгож байна.
-Иргэдийн хувьд Эдийн засгийн ил тод байдлын хуульд хамрагдахаар зөвлөгөө, мэдээлэл хэр авч байна вэ?
-Зөвлөгөө их авч байна. Манай зүгээс ч гэсэн энэ ажлыг тодорхой мэргэжилтэнг томилоод ажиллаж байгаа. Энэ асуудал бол хувь хүний нууцтай холбоотой. Тиймээс 21 аймагт албан ёсны бүртгэгч нарыг томилж, сургалт зохион байгуулж баталгаажуулсан. Иргэдэд энэ хуультай холбоотой зөвлөгөөг гурван янзаар өгч байна. Цахим, утас, биеэрээ нэг цэгийн үйлчилгээнд ир зөвлөгөө авах боломжтой. Улсын бүртгэлийн асуудлаар www.burtgel.gov.mn цахим хаягаар, мөн 7000-1890, 1800-1890 утсаар мэдээлэл авч болно. УБЕГ-ын нэг цэгийн үйлчилгээнд биеэрээ ирэх. Орон нутгийн хувьд бүртгэлийн хэлтэст тусгай өрөө гаргаж ажиллаж байна.
-Хэрвээ нууцыг задруулсан тохиолдолд яах вэ?
-Нууцыг задруулахгүй гэж төрийн албан хаагчдад баталгаа өгсөн учраас санаа зовох зүйлгүй.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд бүртгэл хийлгэх бол нэн тэргүүнд хаана хандах шаардлагатай вэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 100 айл дахь гуравдугаар байранд нэг цэгийн үйлчилгээг гаргасан. Аль ч дүүргийн иргэн энэ цэгт ирж бүртгэлээ хийлгэх боломжтой.
Зөрүүтэй мэдээлсэн, дарагдуулсан мэдээллийг ил болгосноор олон ач холбогдолтой гэдгийг энэ дашрамд иргэддээ хэлмээр байна. Нэгдүгээрт, тухайн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, захиран зарцуулах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч байгаа юм. Ер нь энэ хуулийн хэрэгжилт улсын бүртгэлийн газраас эхэлнэ гэж ойлгож болно. Дараа нь татвар, нийгмийн даатгал, гааль, санхүүгийн асуудал яригдана. Тиймээс иргэдийн хувьд нэн тэргүүнд УБЕГ-ын гуравдугаар байранд ирж бүртгүүлэх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль тодорхой хугацаатай гэдгийг иргэддээ сануулъя. Энэ мэт бүртгэлээ засч залруулах боломжийг төрөөс албан ёсоор олгож байна. Энэ хууль 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ. Тиймээс энэ хугацаанд бүртгэлээ үнэн зөв болгохыг уриалж байна.
Б.ЗОЛЗАЯА
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ