Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, гарын үсэг зурсан гишүүд байр сууринаасаа ухарч эхлэх янзтай. Зах зухаасаа зарим нэг нь шалтаг тоочиж байна. Хугацаа давчуу л гэнэ, эх орноо худалдахаас сийхгүй улстөрчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй л гэнэ.
Ингэж хэлээд дороо эргэлдээд доошоо малтаад суувал хэзээ ч бид хямралаасаа гарахгүй, улс орон хөгжихгүй. Тамын тогоон дотроо улстөрчид нь бие биенээ татаж унагаасаар засаглалын хямралаас парламентын хямрал руу шилжиж болзошгүй юм.
Ийм орчинд хэн ч ирж хөрөнгө оруулахгүй. Яагаад өнөөдөр Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 0 заасан бэ гэвэл Засгийн газраа тогтвортой ажиллуулж чаддаггүйтэй л холбоотой.
Уг нь 2004 онд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хоёр ч эрхмийн хамтаар “Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя. Эцэг хуулиа өөрчилж, эрх мэдлийн зөв хуваарилалт бий болгохгүй бол улс орон хөгжихгүй нь. Монголын улс төр ч урагшлахгүй нь” хэлж байсан юм билээ. Одоо энэ үгийг ажил хэрэг болгоод Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахын төлөө УИХ дахь бүхий л нам, эвслийн бүлгүүд хамтраад ажиллах цаг ирлээ.
Ойлголцол, зөвшилцлөөр тогтолцоогоо зөв болгоод авбал улс орон л хөгжиж дэвжинэ. Одоо ухрах зам байхгүй, урагшаа л харж алхъя. Өнөөдөр хийхгүй маргааш гэж хойш тавивал бүгдээрээ л хохирно.
Хэрвээ 10 жилийн өмнө Р.Амаржаргал гишүүний хэлсэн үгийг ажил хэрэг болгоод Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихсан бол өнөөдөр энэ асуудлаар улстөржөөд суухгүй л байсан болов уу.
Хөгжилд хүрсэн улс орнуудын туршлагыг харвал мэргэшсэн, чадварлаг, тогтвортой Засгийн газар, эрх мэдлийн ойлгомжтой тодорхой тогтолцоо нь нөлөөлжээ. Жишээ татвал, БНСУ-д 1960-1990 оны хооронд Засгийн газрын бүрэлдэхүүн нь таван удаа солигдсон ч, гүйцэтгэх засгийн тэргүүн Пак Чон Хи 17 жилийн турш тогтвортой ажилласан. Энэ хугацаанд БНСУ-ын нэг хүнд ноогдох ДНБ 609 хувиар өсчээ.
Тайваньд 1960–1990 оны хугацаанд Засгийн газар 4 удаа солигдсон ч Чан Кайшигийн хүү Зянь Зинго 10 жилд нь гүйцэтгэх эрх мэдлийг тасралтгүй хэрэгжүүлсэн байна. Энэ хугацаанд нэг хүнд ногдох ДНБ 634 хувиар өсчээ.
Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Юй 1959–1990 онд 31 жил Засгийн газрын тэргүүнээр ажилласан ба нэг хүнд ногдох ДНБ мөн энэ хугацаанд 515 хувиар өссөн байна.
Монголд харин 25 жилийн хугацаанд 14 удаа Засгийн газар өөрчлөгджээ. Эндээс П.Жасрай, Н.Энхбаяр нарын удирдсан Засгийн газар дөрвөн жилийнхээ бүрэн эрхийг гүйцээж ажилласнаас бусад нь тогтвортой ажиллаж чадаагүй.
Ухарч болохгүй хууль тогтоогчид оо. Одоо л 47 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж гарын үсэг зурсан дээрээ зориглоод хөдөл.
Г.ХОРОЛ