Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү?

УИХ Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болж, холбогдох хуулийн төслүүдээ өргөн мэдүүлээд байна.

Бүрэн эрхийн хугацааныхаа гурван жилийг ардаа хийсэн парламентын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг 2 жилийн өмнө УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулж, ажилласнаар тодорхой өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тус ажлын хэсэгт УИХ-аас бүх намын төлөөлөл оролцсоны зэрэгцээ эрдэмтэн судлаачид багтсан.

Үүний дараа УИХ-ын даргын захирамжаар Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан 10 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан юм. Уг хуулийн төслийг ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-д өргөн мэдүүлсэн.

Эл асуудлаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонирхлоо.


А.Бакей: Ерөнхий сайд сайдаа огцруулах нь том эрх

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг та дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлт нь Сонгуулийн хуультайгаа уялдаж байгаа юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийн төсөл мэдээж хоорондоо уялдаатай байгаа. Хэлэлцүүлгийн шатанд нь ч мөн зайлшгүй уялдуулж авч явах нь зүйтэй гэж үзэж байна. Жишээлбэл, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэсэн асуудал байгаа. Багаасаа эхлэн дээд шат руугаа явуулах хэрэгтэй гэсэн санал Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан байгаа. Хэрвээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь дэмжигдчихвэл Сонгуулийн тухай хуульдаа энэ өөрчлөлтөө тусгаад явах боломжтой байгаа. Ямар ч байсан амжуулахыг хичнээнэ. Өнөөдөр л энэ байдлыг засахгүй бол 2016 оны сонгуулийн дараа төрийн эрхэнд аль ч нам гарсан ялгаагүй  улс төржсөн, талцсан байдал хэвээрээ байх болно. Тийм учраас улс төрийн хүчнүүд, УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд улс төрийн зориг гаргаж зөвшилцөөд явах ёстой.

-Ерөнхий сайд нь танхимын сайддаа хариуцлага тооцох эрхийг олгохоор хуулийн төсөлд суулгаж. Гэхдээ энэ хангалттай эрх мэдэл мөн үү. УИХ-аа тараадаг эрх мэдлийг давхар өгөх хэрэгтэй байсан мэт?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дотроо ярьж байгаад бүх эрх мэдлийг гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнд өгснөөр зарим сөрөг үр дагавар гардаг юм байна. Тийм учраас зарим эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлээд, хариуцлага алдсан Засгийн газрын гишүүнээ өөрөө огцруулдаг байх эрх мэдэл гэдэг бол том эрх. Энэ бол боломжийн зохицуулалт гэж үзэж байна.

-Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн хуулийн төсөл санаачлах эрх, Засгийн газарт чиглэл өгөх эрх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдах эрхийг тус бүр хасахаар оруулж ирсэн. Энэ зөв үү, ямар үндэслэлээр хассан юм бол?

-Уг асуудлыг ажлын хэсгийн гишүүдээс асуусан нь дээр. Ерөнхийлөгчийн чиг үүрэгтэй холбоотойгоор эхлээд нэлээн том өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байсан, түүнийгээ хумьсан юм билээ. Тэр нь ч зөв гэж бодож байгаа.

-УИХ-ыг 99 гишүүнтэй байхаар оруулж ирлээ. Хүн ам өсч 3 саяд хүрсэн учраас уу, эсвэл өөр бусад шалтгаан үндэслэл байсан юм болов уу. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр төр цомхон болох биш улам томрох эрсдэл байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Ардын Их хурлаас 1992 онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байхад хүн амын тоо 2 сая гаруй байсан. Одоо хүн ам 3 сая гараад явж байна. Парламентын гишүүдийн тоог тухайн орны хүн амын тоо, дээр нь нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, суурьшил гээд олон асуудалтай уялдуулж тогтоодог практик жишиг байдаг юм байна. Бусад орны жишигтэй харьцуулахад энэ бол тийм ч өндөр үзүүлэлт биш байгаа.


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

-Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслийг өргөн барилаа. Өөрчлөх шаардлага нөхцөл үүссэн гэж та үзэж байна уу?

-Би 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хууль батлагдахад оролцсон. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Ер нь аливаа улсын Үндсэн хууль бол тодорхой хугацааны дараа өөрчлөлт орж, урт хугацаагаар үйлчилдэг. Жишээ нь, АНУ-ын Үндсэн хууль 300 гаруй жил үйлчилж байна. Энэ хугацаанд 27 удаа өөрчлөлт орсон байдаг. Үндсэн хууль тогтвортой удаан хугацаанд үйлчилж чадвал тухайн улс орны хөгжил, ард түмний амьдралд үлэмж нөлөөтэй. Иймээс манай Үндсэн хууль үйлчилж эхлээд 25 жил болох гэж байна. Энэ хугацаанд нэг удаа өөрчлөлт хийсэн. Ер нь Үндсэн хуульд тийм амар гар хүрч болдоггүй. Маш олон талаас нь шүүн тунгааж, эрдэмтэн мэргэдийг оролцуулж, ёстой нөгөө “долоо хэмжиж нэг огтол” гэсэн зарчмаар явах ёстой. Үндсэн хуулийн зүйл заалт болгон нь хоорондоо нарийн уялдаа холбоотой. Иймээс УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна уу үгүй юу гэдэг асуудлыг нягталж судлахаар УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг хоёр жил ажиллаж, зарим нэг асуудалд нэмэлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд дахин ажлын хэсэг байгуулагдаж төслийн эх бичвэр гарсан. Энэ бичвэрийг дэмжиж би гарын үсэг зурсан. Харамсалтай нь, өргөн барихдаа Үндсэн хуулийн нэрийг Их хууль гээд нэрлэчихсэн, УИХ-ын гишүүдийн тоог нэмчихсэн, бүрэн эрхийн хугацааг таван жил болгочихсон байна лээ. Энэ нь Үндсэн хууль боловсруулах журмын тухай хуультай зөрчилдөж байгаа юм. Хэрэв есөн сарын дундуур ээлжит бус чуулган хийсэн бол энэ үзэл баримтлалуудаа нэг бүрчлэн хэлэлцээд, УИХ-аас өөрчлөлт оруулахаар бол гишүүдийн дөрөвний гурав нь буюу  57-оос дээш гишүүн дэмжиж батлах ёстой. Ард нийтийн санал асуулга явуулах бол гуравны хоёр нь буюу 51-ээс дээш гишүүн батлах ёстой байдаг. Ийм учраас ядаж ард түмнээс асууж өөрчлөлт оруулах нөхцөлд 51 гишүүн тохиролцож байж бэлэн болсон төслөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх ёстой. Тиймээс би гарын үсэг зурсан. Харамсалтай нь цаг хугацаа тулчихсан байна.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байгаа нэлээд хэдэн эрх мэдлийг хасах заалт байна. Тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг эрхийг хасах, хууль санаачлах эрхийг хасах зэрэг нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан байна. Энэ тал дээр судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь зүйтэй. Яагаад гэвэл хоёр Засгийн газартай юм шиг болчхоод байгаа юм. Харин Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч тэр утгаараа байх ёстой. Олон улсын жишгээр бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө Ерөнхий сайд толгойлдог боловч манайд Ерөнхийлөгч толгойлох нь зөв юм.

-Ерөнхийлөгчийн зарим нэг эрхийг хязгаарлаж, парламент дундаасаа ерөнхийлөгчөө сонгодог байх нь ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёрын үүргийн давхардлыг арилгах, сонгодог парламентын жишиг руу явах эхний алхам гэж харж болох уу? 

-Ер нь тэгж ойлгож болно. Манайх чинь уг нь парламентын засаглалтай улс шүү дээ. Гэтэл хөндлөнгөөс харахад холимог, ерөнхийлөгчийн засаглалтай юм шиг харагддаг. Амьдрал дээр бол ерөнхийлөгчид 100 гаруй хуулиар тусгайлсан бүрэн эрх өгчихсөн. Нэг ёсондоо эрхээс гадна хариуцлага. Тийм учраас төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа олон эрх овоолоод байх нь зохимжгүй.

-Олон жил яригдсан дээд доод танхимтай болох асуудлыг та юу гэх вэ?

-Ардын их хурлаар Үндсэн хуулийг хэлэлцэж байхад 102 гэдэг тоо оруулж ирээд хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хасагдсан юм. Ер нь алсыг харсан тооны өөрчлөлт байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд хоёр танхимтай парламент, гишүүдийн тоог нэмэхийг ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс миний хувьд одоо байгаа тоондоо барих нь зүйтэй.

-Засгийн газрыг болон гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах үүднээс ерөнхий сайд өөрөө засгийн газрын кабинетаа томилдог, өөрөө огцруулдаг  зохицуулалтуудыг оруулсныг та юу гэж үзэж байна вэ?

-Үүнийг бид анх сэдэж гаргасан. Төрийн сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг нь өгье. Гэхдээ одоо байгаа шиг хүн бүрээр хэлэлцэж томилохгүй, огцруулахгүй байх тухай ярьж байсан. Үүнээс гадна ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг, тайлагнадаг зарчмаар явах нь зүйтэй.

-Орон нутаг руу чиглэсэн хоёр гурван заалтыг нэмж оруулах тухай яригдаж байна. Тухайлбал, суманд улстөрчдийг багасгах зорилгоор Иргэдийн нийтийн хурлаас  төлөөлөгчдийг сонгодог болох гэх мэт? 

– 1992-1996 оны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуульд энэ санаа байсан. Үүнийг эргэн сэргээсэн байна. Гэхдээ намын үүргийг үгүйсгэх нь хэр зохимжтой байдаг бол гэдгийг УИХ-аар ярьж шийдэлд хүрсний дараа ард түмнээсээ асуух нь зүйтэй.

Г.ДАРЬ, Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж