Иран улс 1979 оны исламын хувьсгалаас хойш анх удаа эмэгтэй хүнийг Элчин сайдаар томиллоо. Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Марзиех Афхамыг Малайзын Куала Лумпурт суух элчин сайдаар томилсон байна. Ираны гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф “Афхамыг элчин сайдаар томилоход хэдхэн минут болсон ч түүний орыг залгах хүнийг дөрвөн сар хайлаа” хэмээн Тегеранд болсон ёслолын ажиллагааны үеэр ярьжээ.
Хассан Роухани 2013 онд Ираны ерөнхийлөгч болсноор эмэгтэйчүүдийг төрийн өндөр албан тушаалд томилж, хүйсийн ялгааг багасгахын тулд тэмцэхээ мэдэгдсэн юм. Үүний үр дүнд Ираны засгийн газар, парламентын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн боловч шүүгч болон ерөнхийлөгчид нэр дэвшихийг хориглодог аж.
Иран нь Арабын олон орныг бодвол илүү ардчилсан улсад тооцогддог ч исламын хувьсгалаас хойш шариатын хуулийг баримтлах болсон аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE