УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Тус хуралдаанаар бүлэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачилсан Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачилсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбоотой. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхээ УИХ эхэлж ард түмнээс асууж шийдэх юм. Санал асуулгыг энэ сарын 26-нд буюу Бүгд найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан түүхт өдөр улс даяар зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгасан аж.
Санал асуулгад оролцсон ард иргэдийн олонх нь Үндсэн хуулийг өөрчлөхийг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын санаачилсан дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн, батална. Гэхдээ УИХ-ын гишүүдийн дөрөвний гуравны дэмжлэгийг хүлээж байж Үндсэн хууль өөрчлөгдөнө.
Г.ДАРЬ