80 мянган жуулчинг буцаан авчрав

Хуучирсан мэдээ: 2015.11.08-нд нийтлэгдсэн

80 мянган жуулчинг буцаан авчрав

-Египет рүү хүрэх бүх нислэгээ зогсоож, тэнд байгаа иргэдээ авчрахаар энэ амралтын өдрүүдээр 93 хоосон онгоц нисгэжээ-

 

 

ОХУ-ын 224 хүнтэй “Airbus A321” онгоц /X.31/ Египетийн Синайн хойгт сүйрсэн ослын шалтгаан одоо болтол бүрэн тодроогүй байна. Олон улсын хамтарсан мөрдөн шалгах багийнхан онгоцны хоёр хар хайрцгийг шинжилж ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй юм. Онгоцны хоёр хар хайрцагны нэг нисгэгчийн бүхээгийн дуу хураагуур маш их гэмтсэн байгаа аж. Тиймээс олон улсын мэргэжилтнүүд нислэгийн мэдээлэл хадгалагч хар хайрцагт гол анхаарлаа хандуулжээ. Хамтарсан мөрдөн шалгах багийг ахалж буй Египетийн Аяман эль-Мукадемийн мэдээлснээр онгоц сүйрэхийн өмнөх хоёр минутын бичлэгт маш их чимээ шуугиан бичигдсэн байгааг шинжилж байгаа гэнэ. Энэ нь Их Британи, АНУ-ын тагнуулынхны мэдээлснээр онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэрсэн гэх таамгийг дэмжиж байгаа юм. Гэхдээ Египетийн талаас онгоцонд террорист үйл ажиллагаа болсон гэх таамгийг эрс няцаасаар байна. Онгоцны хоёр хар хайрцагны мэдээллийг тайлж уншихаар Египет, ОХУ-ын шинжээчид, “Airbus” компанийн Франц, Герман мэргэжилтнүүд, Ирландын  төлөөлөгчдийн хамт ажиллаж байгаа юм.

 

 

“Airbus A321” онгоц агаарт дэлбэрснээс Синайн хойгийн элсэн цөлд 13 км радиусын тойрогт сэг нь тархан унажээ. Түүнчлэн онгоцны сэгийн зарим хэсгийг бүрэн гүйцэт олоогүй байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Египетийн албаныхан өчигдөр /XI.7/ нисэх буудлын ажилчид, онгоц газардуулах ажиллагааны багийнхныг байцаасан байна.

 

 

Жуулчдын зорчиж явсан онгоц Египетэд сүйрснээр ОХУ болон Их Британи, Ирланд улсууд Шарм Эль-Шейх руу хүрэх бүх нислэгээ зогсоосон байна. ОХУ нь өнгөрсөн баасан гаригт /XI.6/ Египет рүү хүрэх бүх нислэгээ зогсоож, тэнд байгаа иргэдээ авчрахаар энэ амралтын өдрүүдээр 93 хоосон онгоц нисгэжээ. ОХУ-ын аялал жуулчлалын албаны дарга Олег Сафоновын мэдээлснээр Египетэд Оросын 80 мянга орчим жуулчин байгаагийн 79 мянга нь Шарм эль-Шейх болон Хургада ресортуудад байгаа аж. Мөн Европын орнууд иргэдээ Египет рүү аялахгүй байхыг анхааруулсан байна. Ийнхүү “Airbus A321” онгоцны осол Египетийн аялал жуулчлалын салбарт том хохирол учруулж байна. Өнгөрсөн онд Египетэд аялагчдын 90 орчим хувь нь оросууд байжээ.

 

Үүний зэрэгцээ өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Шарм эль-Шейх хүрэх Их 189 зорчигчтой  ”Thomson” онгоцонд пуужин 300 метр ойртон ирсэн тухай “Guardian” сонинд мэдээлжээ. Тус онгоцонд Их Британийн жуулчид зорчиж явсан аж. Их Британийн тээврийн яамнаас мэдээлснээр энэ нь санаатай халдлага байгаагүй Египетийн цэргийнхний сургуулилтын үеэр болсон хэрэг хэмээн тайлбарлажээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж