Хятадын хөрөнгө оруулалтаар хятадууд зам барина

Хуучирсан мэдээ: 2015.11.08-нд нийтлэгдсэн

Хятадын хөрөнгө оруулалтаар хятадууд зам барина

Хятадын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам”, “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто зам”-ын барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао Монголд 2010 онд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой болохоо мэдэгдсэн. Үүний дагуу техникийн түвшинд хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцээг явуулсны  дүнд гурван салбарт нийт 13 төсөл хэрэгжүүлэхээр хоёр орны Засгийн газар тохиролцож, зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон баталсан байдаг.

Зээлийн нөхцөлийн хувьд жилийн хоёр хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцааж төлөхөөс эхний  долоон жилд үндсэн төлбөрийг төлж дуусгах аж.

Засгийн газрын “Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай” 2015 оны 309 дүгээр тогтоолын хавсралтаар 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталсан.

Тус жагсаалтад зам, тээврийн салбараас дээрх төслүүд багтсан бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын санал болгосноор эдгээр төслүүдийг Хятадын компаниудаар гүйцэтгүүлэхээр тохирч, тэдний санал болгосон компаниудаас сонгон гэрээг шууд байгуулан хэрэгжүүлэх юм байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж