Бухын доодохыг хүлээж..!?

Хуучирсан мэдээ: 2015.11.08-нд нийтлэгдсэн

Бухын доодохыг хүлээж..!?

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Энэ арваннэгдүгээр сарын дундуур ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох  асуудал шийдэгдэнэ” гэж мэдэгдсэнээс хойш долоо хонов.  Хэдийгээр сайд сайхан мэдээ сонсгосон ч иргэд үүнд итгэхээ болиод удаж байна.

Ипотекийн зээлийн  урьдчилгааг 10 хувь болгон бууруулах нь эдийн засагт хортой, тэгээд ч ийм боломж байхгүй гэдгийг мэдсээр байж  Д.Цогтбаатарын гаргасан “шоу”-г Засгийн газар дэмжсэн шийдвэр гаргах дэмий хэрэг байсан юм.  Одоо бол “Манай сайд яг хэрэгжүүлэх гэж байтал АН-ынхан биднийг засгаас хөөчихсөн шүү дээ” гээд МАН-ынхан бурууг нь Ардчилсан нам руу, Ч.Сайханбилэг рүү чихэхээ мэдэхтэйгээ байлгүй.

Барилга хот байгуулалтын сайдаар томилогдсоныхоо дараахан  Д.Цогтбаатар сайд иргэдээ үнэхээр бодсон уу, эсвэл сонгуулийн шоу хийхээр шийдсэн үү, ямар ч байсан “Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулна” хэмээн мэдэгдэж, үүнийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн үлдсэн 20 хувьд баталгаа гаргах шийдвэрт хүрсэн юм. Түүнээс хойш лав долоон сарын турш “Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь” болгон бууруулна гэж сайдууд ярьдаг, тэр нь ёстой “Бухын доодохыг хүлээж” гэдэг шиг иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд удаж байна.

Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор өнөөдрөөс дөрвөн сарын өмнө буюу долдугаар сарын 7-нд 0296 тоот тогтоолоор батлагдсан журам боловсруулж, “Өрхийн мэдээллийн  нэгдсэн сан”-гийн 7-15 дугаар бүлгийн иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд баталгаа гаргахаар заажээ. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамныхан  монголчуудын амьдралыг 20 бүлэгт хувааж, бололцоотой гэсэн нь дүүргээсээ “зөвшөөрөл” аваад орон сууцны зээлд хамрагдах боломжтойг  хүртэл дуулгав.

Баяр наадмын өмнөхөн болоод тэр үү, яг наадмын дараагаас л  хэрэгжүүлнэ хэмээн зарлаад байсан сайд нь засгаас гарч,  есдүгээр  сар хүртэл салбарын яам нь сайдгүй явав. Одоо Өршөөл үзүүлэх тухай хууль, Б.Батзаяагийн баривчилгаа, Г.Шийлэгдамбын авлигын хэргийн сүүдэрт энэ асуудал дарагдаад, иргэд ч “үнэг турж” үхэх маягтай болоод дуусах биз.

Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох Засгийн газрын шийдвэрийг сонссон зарим иргэн барилгын компаниудад арван хувиа аваачаад өгчихсөн ч явдал цөөнгүй байгаа юм гэнэ. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй удаж,  иргэд 10 хувиа буцаагаад авъя гэхээр барилгын компаниуд нь 10-20 хувиа суутгаж авна гээд “айлгаад” байдаг.  Авахаа болиод урьдчилгаа 30 хувь руу зүтгэе гэхнээ боломжгүй, ацан шалаанд орсон иргэдийн хувьд “арилжааны банкныхан хол, барилгын компаниуд хатуу” гэгч болоод байгаа бололтой.

Тэгээд ч ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулахад шаардагдах 200 тэрбумыг Засгийн газар Хөгжлийн банкнаас авна гэж төлөвлөж байсан ч, Хөгжлийн банк нь өөдөөс нь “тийм боломжгүй” гэдгээ хэлчихлээ.  Арилжааны банкуудын хувьд ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах эрсдэл хүлээхгүй гэсэн байр суурьтай хэвээр байна.  Учир нь  орон сууцны урьдчилгаандаа 10 хувь төлсөн иргэд 30 хувиа төлсөн иргэдээс хариуцлага багатай ханддаг, урьдчилгааг хэт бууруулснаас болж,  Америкийн эдийн засаг нурсан талаарх жишээг эш татан хэлэх нь бий.

Ийнхүү бүтэн жилийн турш ярьсан ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг удахгүй шийднэ гэж салбарын сайд хэллээ. Гэхдээ түүнд үүнээс чухал, Г.Шийлэгдамбын хэрэг, нам дотор нь үүсээд байгаа асуудал гээд анхаарлыг татах зүйл их байгаа.  Цалингаа хасахаа өөр аргагүй хэмээн учирлаж суусан Сангийн сайдад Засгийн газрын батлан даалтад шаардагдах эхний ээлжийн 200 тэрбум төгрөгийг гаргаад өгөх боломж байхгүй нь тодорхой. Тэгэхээр ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгоно гэж иргэдээ хуурсаар байх уу, эрхбаригчид аа.  Эсвэл иргэдийн хүлээлт дагуулсан энэ асуудлаа яаралтай шийдэх ёстой юм биш үү?

 Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж