Шинэ зуунд ихээр дэлгэрч эмч судлаачдын анхаарлыг ихэд татан өвчтөнүүдийг түгшээх болоод байгаа нэгэн асуудал бол цусан дахь холестрол (Cholesterol) буюу “Цусан дахь өөхлөгийн хэмжээ ихсэх” явдал билээ.
Судалгааны дүнд холестрол нь хүний биед нэн чухал нэгдэл болох нь тогтоогдсоноос одоогоор мэдэгдээд байгаа нь элэг болон нарийн гэдсэнд нийлэгждэг, холестролоос витамин Д үүсдэг, бөөрний дээд булчирхайн стеройд дааврууд, бэлгийн даавруудын нийлэгжилтэнд ихээхэн нөлөөтэй учраас бэлгийн гормон үүсэхэд зарцуулагддаг бөгөөд эсийн мембраны бүтцэд оролцон түүнийг тогтвортой уян байлгах үүрэгтэй гэдгийг илрүүлжээ.
Энэ нь дотроо LDL (бага нягтралтай липопротеин) буюу муу холестрол /орчин үеийн хэллэгээр/, HDL (их нягтралтай липопротеин) буюу сайн холестрол, TGL (тр) зэрэг олон янзын хэлбэртэй байдаг байна.
Эдгээр нь хүний цусанд ихсэх шалтгаануудыг дурдвал: чихрийн шижин, таргалалт, стероид төрлийн даавар эмчилгээ, шээс хөөх зарим эм, жирэмслэлтээс хамгаалах даавруудыг ууж хэрэглэх, бөөрний дутагдал, бамбайн үйл ажиллагааны дутагдал зэрэг юм байна.
Холестрол нь ихэссэнээр судасны ханын дотор талаар хуримтлагдан зузаарсаар судасны уян хатан чанарыг алдагдуулж улмаар нүхийг нь нарийсган цусны урсгалд бэрхшээл учруулдаг. Холестрины ийм хуримтлалаас болж үүсэх судас хатуурах өвчнийг атеросклероз гэж нэрлэдэг бөгөөд тархи зүрхэнд очих цусны хэмжээ багасах улмаар цус харвах, олон өвчний шалтаг шалтгаан болдог гэж үздэг.
Иймээс эмч нар холестрол буулгах эмийг ихээр бичин өгөх болжээ. Холестролын эсрэг гол эм болох Statyny элгэнд LDL синтезлэгдэхийг саатуулдаг учраас гаж нөлөө нь элгэнд өөрчлөлт өгөн, булчин сулруулж өвдөлт үүсгэнэ. Харин HDL нь ихэсвэл судас хатуурахаас хамгаалж, гормоны синтезэд оролцдог ба үрийн шингэн үүсэхэд ихээхэн нөлөөтэй учраас сайн холестрол гэж нэрлэгддэг. Гэтэл холестролын эмийг хэт ихээр хэрэглэснээс энэхүү HDL нь багасгаснаар ялангуяа залуучуудад үргүйдэл үүсгэх нэг шалтгаан нь болж байна уу гэж ажиглагддаг юм.
Учир нь нэлээд олон залуучууд гэрлээд хэдэн жил болсон боловч хүүхэдгүй байсны ихэнх нь холестролын хэмжээ хэт бага болон үүний эсрэг эм ууснаас хэт багассан байсан юм. Эдгээрээс гадна практик дээр холестролын эмийн удаан болон өндөр тунгаар хэрэглэснээс элэгний эд эсийг гэмтээх тул элгэнд эмгэг өөрчлөлтүүд ихээр үүсч, элэгний хавдар үүссэн цөөнгүй хүн хэд ирж байсан юм.
Зарим хүнд булчин үе мөчөөр өвдөж улмаар хэлээ хөдөлгөж чадахгүй хөшингө байдал үүссэн бол зарим нь хоол боловсруулах үйл ажиллагаа хямарснаас цээж гашуу оргих, баас хатан гэдэс дүүрэх зэрэг зовиуртай ирэхэд дээрхи эмийг уухыг багасгахад зовиур шаналгаа нь багасч байсан юм.
Иймээс цусанд холестрол маш их ихэссэн бол тодорхой тун хэмжээгээр эмчийн заавар, зөвлөгөө, хяналтан дор ууж харин бага зэрэг ихэссэн, болон идэр залуу хүмүүс эдгээр эмийг уухдаа ихэд болгоомжилж аль болохоор шалтгааныг нь олж эмчлэхээс гадна, зөв хооллож чадвал холестрол ихсэхээс сэргийлж чадах юм. Үүний тулд өвөл нүнжигтэй, илч шимтэй хоол ундыг хэрэглэж, зун нь сүү цагаан идээ голлон өөрийхөө өвөрмөц махбоддоо идээ ундаа, явдал мөрөө тохируулж сурах хэрэгтэй.
Мөн монгол эм тангаас хоол боловсруулах, бөөр, элэг цөсний үйл ажиллагааг дэмжих эмүүдийг өгөн холестролын хэмжээг хэвэнд нь оруулж болдог.
Миний бие анагаах ухааны дээд сургуулийн 1-р курсын оюутан байхдаа бүхэл зуныхаа амралтаар Улсын клиникийн төв эмнэлэгт асрагч хийж эмнэлэгт ажиллах хорхойгоо дарж билээ. Мэдээж өвчтөнүүдийг шинжилгээнд авч их явна, шинжилгээний хариуг очиж авна, шинжилгээний хариуг бичүүлнэ заримдаа шинжилгээний хариуны тухай сонирхож асууна гээд лабораториор үргэлж орж гарсаар лаборант, эмч нартай ихэд ойр дотно болж билээ. Тэнд их гоё, ганган, цэвэрхэн мөртлөө ажилдаа маш чадварлаг олон лаборант нар Хишгээ, Туул эмч гээд л их гоё эмч эгч нар ажилладаг байсан бөгөөд тэдний алинаас нь ч юм асуухад ихэд уриалгахан хариулж, тайлбарладаг байсан юм.
Тэдний дунд үлэмж мэдлэг чадвартай мөртлөө маш энгийн нэгэн гайхалтай өвгөн профессороос шинжилгээний хариуны учрыг асуухад ер түвэгшээсэн шинжгүй бүр нарийсган тайлбарлаж өгдөг байж билээ.
Түүнээс нэгэн удаа:
– Манай энэ лабораторийн шинжилгээний хариунуудын нормыг хэн тогтоосон юм бэ? гэж намайг асуухад:
– Оросын нормыг мөрддөг юм аа гэлээ.
– Орос, монгол хүмүүсийн идэж ууж байгаа хоол хүнс өөр, бие махбод нь ч өөр байхад яагаад адилхан байх ёстой юм бол! Миний бодоход монголчууд мах арай илүү идэж байгаа юм чинь элэгний сорил л лав арай илүү байж магадгүй байх, бас өвөл хүйтэн болохоор өөх тостой хоол идэж байдаг тул холестролын хэмжээ арай илүү байж болно. Гэвч энэ нь өвчинтэй гэсэн үг биш нутгийн онцлог гэж тооцож болох уу? гэж асууж билээ.
Профессор маань нэг их чангаар инээснээ:
– Энэ чинь харин сүрхий юм боддог хүүхэд үү, ай гээд намайг нэг том харснаа
– Үнэхээр мэдэхийг хүсч байгаа бол манай лабораторит ирж монгол хүний элэгний сорилын нормыг тогтоохгүй юу гэлээ.
Би ч бөөн баяр болж 2.3-р курсийн оюутан байхдаа монгол хүний элэгний Алат, Асат, Билирубиний нормыг тогтоохоор 840 гаруй хүнд судалгаа хийсний дүнд гаргасан дүнгээр саяхан болтол мөрдөж билээ. Одоо УКТЭ-ийн төв лабораторийг анагаах ухааны доктор, профессор Бавуугийн Лувсанноровын нэрэмжит болгосонд багшаараа ихэд бахархаж явдаг юм даа.
Миний нэгэн хүсэл байдаг юм. Энэ нь холестролын шинжилгээний хариуг жилийн дөрвөн улиралд харьцуулж гаргах юмсан гэж. Яагаад гэвэл хүн байгалийн бүтээгдэхүүн учраас өвөлдөө бэлдээд баавгай өөхөө нөөцөлдөг шиг, мод өвлийн хүйтэнд бэлдэж навчаа гөвж дулаанаа дотогшоогоо нөөцөлдөг шиг хүн ч мэдээж өвөлд бэлдэж өөх тосоо нөөцөлж дулаанаа хадгалахын тулд лав л зунаас өвөл нь арай илүү холестрол магадгүй түүний HDL, LDL, TGl нь ч юм уу лав өөр гарах байх даа гэж боддог юм. Хэрэв тэгж чадвал мөн олон хүнд холестрол их байна гэж гаж нөлөө ихтэй эмийг ихээр ууж бие махбод нь хямрахаас аврах байх даа гэж бодном.
Намайг тэгж лабораторитай холбогдон судалгаа хийж байх үед холестрол 240-280 мг/дл байсан. Тэр үед одоотой харьцуулахад өвчлөл ч харьцангүй бага байж.
Дараа нь <240 мг/дл болж буурсан.
Сүүлийн үед:
Холестерол <200 мг/дл (си нэгж < 5.7 мммолв/л)
HDL> 50.0 мг/дл (си нэгж >1.40mmol/л)
LDL <100.0 мг/дл: <2.56 ммоль/л
Triglicerydy 150-200мг%
Ингэж багасгаснаар холестрол 199 мг/дл байсан ч холетролын эм уулгаж байгаа нь ямар гаж нөлөөг үзүүлж болохыг энэхүү бүлгээс эрхбиш ойлгосон болов уу гэж найдаж байна. Гэхдээ сүүлийн үед хэт бага холестрол хүний биед сөргөөр нөлөөлж байна гэж үзэн зарим шинжилгээний газар холестролын доод хязгаарыг 240 мг/дл болгон бичих болсон нь сайшаалтай.
Дүгнэн хэлэхэд:
Монголчууд судас хатуурахаас сэргийлэхийн тулд адууны мах, тарваганы мах зэрэг ханаагүй өөхний хүчлийг агуулсан мах идээд хойноос нь ус уух, хужирыг сүүтэй цайнд самарч уух, шар тос, хонины уураг сүүл хэрэглэхийг зөвлөсөн байдаг нь маш зүйтэй юм.
Энэ талаар “Өвөл шагайн чинээ шар тос хүлхэхэд даарахгүй өлчир чийрэг болох ба оюун ухааныг хурцатгана” гэж ном сударт бичсэн байдаг.
Эрдэмтэд загасны тос, оливын тос зэрэг ханаагүй өөхний хүчил оролцсон эмүүдийг хэрэглэхэд цусан дахь холестролын хэмжээ багасдагийг судлан баталсан байдаг нь манай тарвага, адууны махтай утга нэг тул монголчууд бид өвөл нь хонины уураг сүүл, шар тос, адууны махыг ахиухан хэрэглэж, хужиртай цай ууж байх нь судас хатуурч холестрол ихсэхээс сэргийлж чадах нь ээ гэж ойлгож болох нь ээ.
Ийнхүү холестрол ихсэн улмаар судас хатуурах эмгэгт хүргэж болохыг ухаант мэргэд эрт үеэс танин мэдэж түүнээс сэргийлэх идээ ундаа, эм танг хэрэглэсээр ирсэн уламжлалаа сэргээж ухаан саруул эрүүл явах боломж байна шүү гэдгийг сануулахаар дахин дахин бичив.
Үржингийн БАЙГАЛМАА
МОНГОЛ ЭМЧИЙН ТЭМДЭГЛЭЛ номноос…