
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол
Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн анхны
хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Ганбямба Үндсэн
чиглэл, улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлоготой уялдахгүй байгааг
сануулж, хоорондын холбоог сайжруулах шаардлагатай тухай онцоллоо. Уг нь
эдгээрийг нэг дор хэлэлцдэг байсан ч Үндсэн чиглэлийг УИХ-ын хаврын
чуулганаар хэлэлцээд, төсөв, мөнгөний бодлогыг намрын чуулганаар
хэлэлцэхгүй болохоор эдийн засгийн хөгжлийг оновчтой тодорхойлж чадахгүй
байна гэж үзэн, хууль баталсан ч энэ нь төдий л үр дүнгээ өгөхгүй
байгаа бололтой. Мөн хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн Сайншандад
байгуулахаар төлөвлөсөн аж үйлдвэрийн паркийн ажил ямар шатанд яваа
талаар гишүүд сураг тавилаа.
Сайншандад аж үйлдвэрийн парк
байгуулах чиглэлээр Засгийн газраас 299, 300, 118 тоот тогтоол болон 52
тоот тэмдэглэлүүд тус тус гаргасан байна. Аж үйлдвэрийн парк байгуулах
ажлын хүрээнд Сайншандад цементийн үйлдвэр, коксын үйлдвэр, үрлэн
төмрийн үйлдвэр, брикетэн төмрийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх болон газрын
тос боловсруулах зэрэг есөн томоохон обьектыг эхний ээлжинд барих
төлөвлөгөө гаргажээ. Жишээлбэл, Сайншандад цементийн үйлдвэр
байгуулснаар барилгын салбарынхан энэ төрлийн бүтээгдэхүүний дутагдлаас
гарна гэж үзэж буй аж. Ирэх жилүүдэд “100 мянган айл орон сууц”
хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүнийг дагаад барилгын салбар эрчимтэй хөгжих
болж байгаа учраас энэхүү эрэлт хэрэгцээг харгалзан дотооддоо үйлдвэр
барихаар төлөвлөсөн нь энэ аж. Ингэснээр барилгын материалын үнэ ханшийн
хөөрөгдлөөс сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Ингээд
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд
оруулахаар болж тогтсон юм.