
Өндөр орлоготой иргэд бага татвар төлсөөр байх уу, эсвэл гэх асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг өрнөсөн. Уг хэлэлцүүлэг Татварын ерөнхий газрын “Татвар төлөгчдийн танхимд” болсон юм. “Тогтвортой бизнес-татварын орчин” сэдэвт уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлагууд оролцсон бөгөөд татварын албаны албан хаагч нар болон татвар төлөгч байгууллагын удирдлага, мэргэжлийн чиглэлийн их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, нягтлан бодогчид, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийнхэн оролцлоо. Сард 25 саяын орлоготой бөөний худалдаа эрхлэгчид жишиг татвараар сард 10 мянган төгрөг төлдөг бол тэднээс 20 дахин бага орлоготой ажиллагсад 105 мянгыг татварт төлдөг байна. Энэ нь Монгол Улсын татварын харилцааны тэгш шударга, үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлж буй жишээ гэнэ. Монголд татвараа тайлагнах, төлөх асуудал ялангуяа хувиараа бизнес эрхэлж байгаа иргэдийн хувьд хангалтгүй байдаг аж. Мөн малчин өрх, мал бүхий иргэний орлогын албан татварыг хүчингүй болгосон нь тэгш, шударга байдал алдагдах бас нэгэн нөхцөл болсон хэмээн үзэж буйгаа эрдэмтэд илэрхийлсэн. Хамгийн гол нь татварын үндсэн имиж болох тэгш, шударга байх зарчим ийнхүү Монголын өнөөгийн мөрдөж буй хуулийн хүрээнд хэрэгжих бололцоо хомс байгааг татварын албаныхан болон татвар төлөгчдийн төлөөлөл харилцан шүүмжилсэн юм.
Ж.ГЭГЭЭ