Дамжин суултын хөнгөлөлт эдлэхэд дуут дохио дуугарна

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Дамжин суултын хөнгөлөлт эдлэхэд дуут дохио дуугарна

Нийтийн тээврийн хэрэгслээр “U money” карт уншуулан зорчиж байгаа иргэд маргааш өглөөний 08:00 цагаас эхлэн 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суухад үнэгүй боллоо. Өөрөөр хэлбэл, картаа уншуулан дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарах юм байна. Хөнгөлөлтөд  энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт хамаарах гэнэ.

Дамжин суултад хөнгөлөлт эдлэхэд дараах зүйлийг анхаарна.

1. Автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундийн дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй.
 

2. Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой.
 

3. Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш 4 цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
 

4. Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл гурван хүний төлбөрийг нэг картаар төлж зорчоод дахин дамжин суухдаа дахин гурван хүний юм уу эсвэл нэг хүний төлбөр төлөхөд л хөнгөлөлт эдэлнэ. Харин өөр тоогоор буюу хоёр хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй.
 

5. Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
 

6. Буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.
 

7. Дамжин суух хугацаа 30 минутаас хэтэрсэн тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж