Амьдрал чамд 100 удаа уйлах шалтгаан өгвөл, амьдралд инээх 1000 шалтгаан байгааг олж хараарай. Тиймээ амьдрал бол түм буман боломжоор дүүрэн. Кино код нэвтрүүлэг эрхэм танд олон олон гайхалтай боломжийг олгож байгаа билээ. Үүний нэг нь ард түмний сонголтоор хийгдэх “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч-шилийн сайн эрс”-ийн тухай өгүүлэх түүхэн кинонд тоглох жүжигчин шалгаруулах проб шоу юм.Уг шоу нэвтрүүлэг Даваа – Баасан гараг бүр 21.00 цагаас Боловсрол суваг телевизээр танай гэрийн хойморт зочилж байгаа билээ. Ингээд эрхэм уншигч танд хөгжилтэй, хөөртэй, баярламаар бахадмаар оролцогчдынхоо сонирхолтой ярианаас хүргэе.
“Жүжигчин шалгаруулах проб шоу”-ны ахмад настай оролцогчдын нэг бол Багануур дүүргээс ирсэн 053 дугаартай, 59 настай Д.Галт байлаа. Тэрээр МУСГЗ Ц. Намсрайн зохиол “Болор толь” жүжгийн хэсгээс толилуулсан юм.
Шүүгч С.Мягмар: “Кино код” нэвтрүүлгийн үзэгчиддээ нэг зүйлийг хэлэхэд энэ нэвтрүүлэгт оролцож , өөрийнхөө уран чадварыг сорьж , кинонд тоглоё гэсэн хүсэл эрмэлзэл бүхий янз бүрийн өнгө төрхтэй, бүх насны хүмүүс олноороо цуглах хэрэгтэй юм аа. Киноны аль ч хэсэгт орох юм билээ, кинонд дүрээ мөнхөлж үлдээх боломж хүн бүрийн өмнө нээлттэй байгаа. Энэ хүмүүсийн салхийг хагалж орж ирсэнд баярлалаа. Энэ бол чин зориг мөн. Ингэж бид сэтгэлээрээ оролцох хэрэгтэй. Тэнцлээ. Дараагийн шатанд орноо.
Д.Галт: Сүүлчийн мөчид намайг сайн үнэллээ. Би багаасаа урлаг уран сайханд дуртай байсан, нэлээдгүй хэдэн жижиг дүрийг бүтээсэн. Энэ нь ч надад хэрэг боллоо. Миний насыг хүндэлж, настайчуудын салхийг хагалж орж ирсэнд баярлалаа гэж хэлсэнд нь үнэхээр урамтай байна даа ах нь.
Манай шоуны дараагийн оролцогч бол 11 настай, дуулж бүжиглэх дуртай, тайзан дээр гарангуутаа л Оскарын шагнал авч байгаа жүжигчин шиг бүх хүнд баярлаж талархсанаа илэрхийлээд авсан хэвлүүхэн үгтэй, бумбайсан хацартай Н.Ууганбаяр байлаа.
Хүүхэд бүрийн сайн мэдэх “Аварга хүн ба бяцхан үнэг” гэдэг ёгт үлгэрийг эвлэгхэн гэгч нь уншлаа. Харин тэнцэх болов уу, яах бол?
Шүүгч С.Мягмар: Бүх нийтээрээ хамтран кино хийх гэж байгаа энэ цаг үед “Кино код” нэвтрүүлэгт 8 настай балчираас 80 настай буурал хүртэл, эр, эм ухаантай, ухаангүй янз бүрийн хүмүүс оролцох хэрэгтэй. Энэ бол нэг үеийнхэнийг төлөөлж байгаа кино. Энэ мэтчилэн дараа дараагийн дугаарт янз бүрийн насны, сонин сонин дүр төрхтэй хүмүүс оролцохыг уриалж байна. Тэнцүүлье. Боломж олгоё.
Шүүгч Ардын жүжигчин А.Очирбат гуай Н.Ууганбаярт мэргэжлийн сургуульд орохыг зөвлөсөн бол шүүгч Ж.Солонго цагаасаа хоцорч ирсэн, хариуцлагагүй хандсан гээд эсрэг байр суурьтай байсан юм. Харин Ардын жүжигчин Д.Мэндбаяр туршлагатай чадварлаг жүжигчин хүний уран чадвар, эмэгтэй хүний мяндсан ухаан хоёрыг хослуулан нэлээн чамбай шүүж байсан юм.
Н.Ууганбаяр: Би өөртөө маш их итгэлтэй байсан. Намайг тусалж дэмжсэн аав ээж, эмээ өвөөдөө маш их баярлалаа. Сая Дарханаас ирсэн болохоор хоцроод ирчихлээ.
Сайн байна тэнцлээ, тэнцлээ… гэдэг үгийг бүх шүүгч нараар дуу нэгтэйгээр хэлүүлж чадсан оролцогч бол Ц. Анхилуунцэцэг. Сайныг дагавал сарны гэрэл гэдэгчлэн зүгээр л найздаа туслах гэж ирсэн Болор-эрдэнэ гэгч шавилхан бор залуу бас л тэнцлээ.
Анхилуунцэцэг гэгч өвөрмөц содон нэртэй бүсгүй маань би жүжигчин болох, кинонд тоглох хүсэлтэй. Өөрийнхөө хүслийг биелүүлэх ийм сайхан боломж олдсонд маш их баяртай байна гээд Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн хэсгээс чадварлаг гэгч нь тоглолоо.
Шүүгч С.Мягмар: Сайн байна тэнцлээ. Дотоод мэдрэмж байна.
Шүүгч
Д.Мэндбаяр/АЖ/: Хоёулангийн тэнцүүлье. Сайн бэлдэж ирээрэй
Шүүгч
А.Очирбат/АЖ/: Болор-эрдэнээ чи бие бялдар сайтай хүүхэд байна. Наад охиныхоо хийж байгаа үйлдэл, ярьж хэлж байгаа үгийг сайн анзаар.
Болор-эрдэнэ: Анхилуунцэцэгт тусалж яваад тэнцчихлээ. Өөртэй итгэхгүй байна.Итгэмээргүй юм. Одоо ХААИС-д сурдаг. Урд нь урлагийн сургуульд сурч байсан.
Ц.Анхилуунцэцэг: Би жүжигчин болох чин хүсэлтэй. Мөрөөдлөө биелүүлэх нэг боломж олдож байна. Тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Тийм учраас хувцас хунар гээд бүх бэлтгэлээ сайн хангасан.
Ард түмний сонголтоор бүтээгдэх “Манжийн дарлалын эсрэг тэцэгч-шилийн сайн эрс”-ийн тухай өгүүлэх түүхэн киног дэлгэцнээ амилуулах жүжигчид мөн л ард түмний дундаас тодрох юм. Эдгээр оролцогчид маань мэргэжлийн биш хэдий ч тэдэнд кинонд тоглох хүсэл эрмэлзэл, мөн авъяас чадвар байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хүн бүрт хайрлаж, хүндэлж явдаг жүжигчид бий. Тэр л эрхэм нандин хүмүүсээ энэ кинонд урьж тоглуулъя гэвэл бид дуртайяа хүсэлтийг тань хүлээн авах болно.