Грек улсын Халкидики хотноо эхэлсэн Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны хооронд болж өнгөрлөө. 6 насны ангиллаар швейцарь оноолтын 11 ангилалд явагдсан Дэлхийн аваргад 91 орны 1596 өсвөрийн шатарчид өрсөлдсөн юм. Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдсөнөөс охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа, 10 насанд Б.Мөнгөнзул нар IV, хөвгүүдийн 8 насанд Б.Энхсаран VI, 10 насанд дэлхийн аваргын мөнгөн медальт Е.Төгстөмөр, охидын 8 насанд Б.Энхсаран нар VII байр эзлэв.
Энэхүү тэмцээний талаар Хятад хэлний нэрт орчуулагч, сурган хүмүүжүүлэгч Д.Болдбаатар өөрийн сэтгэгдлээ бичжээ.
ГУРВАН ХЭРВЭЭ
Ертөнцөд гурван зүйлд хэрвээ гэсэн ухагдхуун байдаггүй гэдэг. Нэгд нь амьдралд, хоёрт түүхэнд, гуравт шатарт хэрвээ гэсэн ойлголт байдаггүй ажээ. Үүний учрыг уншигч та эрхбиш ойлгож байгаа биз дээ. Би "хэрвээ" тэрэнтэй суучихсан бол тэгж явах ч байсан юм болов уу гэж боддог хүн цөөхөн байж таарна. Харамсалтай нь амьдралын хууль "хэрвээ" гэсэн үгийг хүлээж авдаггүй юм байна л даа. Нөгөө нь түүхэнд "хэрвээ" гэсэн ойлголт байдаггүй гагц өөрийн зурсан улаан шугамаараа явдаг гэдгийг бид мэднэ. Бас шатарт "хэрвээ" ингэсэн бол хожих байлаа гэж бодоод ч хожигдсон бол бандан тас гэдэг сайхан шударга дүрэм үйлчлэдэг л дээ.
Сая Грек улсад болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сүлжээгээр шимтэн үзсэн хүний хувьд би энэ бичлэгийг оруулж байна.
Охидын 18 насанд өрсөлдсөн Ү.Үүрийнтуяа маань дөрөвдүгээр байранд оржээ. Мөртлөө хүрэл медаль хүртсэн охинтой ижил оноотой нөхцөлд шүү. Хэрвээ нэгд орсон Энэтхэг охиныг илүү хүүтэй байсан өрөгтөө хожсон бол, хоёрт орсон бас л Энэтхэг улсын охиныг өргийн дийлэнх үед ааглаж яваад жаахан болгоомж алдаад хожигдоогүй бол гэж хөндлөнгийн ажиглагчийн хувиар сэтгэл өөрийн эрхгүй шархирах юм аа. Даанч шатар гэдэг сайхан тоглоомд "Хэрвээ" гэсэн ухагдхуунгүй байдаггүй, хожигдсон бол хожигдсон гэдэг шудрага хууль байдаг нь нэг бодлын сайхан юм аа.
Арван насанд өрсөлдсөн Б.Мөнгөнзул маань бас л хүрэл медалийн оосроос атгаад алдсан нь чамлахааргүй том амжилт. Жоу Син Юй нэрт насандаа түрүүлсэн тэр Хятад охиныг бараг л хожин алдсан даа.
Ү.Үүрийнтуяа, Б.Мөнгөнзул.
Энэ мэт Монголынхоо шатрын спортын нэр хүндийг дэлхийн тавцанд гаргахын тулд чадлын хэрээр зүтгэсэн дал гаруй хүнтэй Монголын баг маань уг тэмцээнд маш сайн оролцлоо. Энэ зүгийн спортыг бага сага гадарлах хүний хувьд хэлэхэд Монголын шатрын спортын хөгжил дэлхийн дундажаас дээгүүр түвшинд хүрчихжээ. Ямар ч байсан өсвөр насанд. Одоо нэг л юм дутагдаж байна. Тэр нь төр засгийн анхаарал халамж. Угтаа бол улсын наадамд найраагаар гарч ирсэн начиндаа зориулаад байгаа мөнгөө өсвөрийн шатарчиддаа өгчихөөд байдаг бол хоёр гурван дуу дуулаад авчихаад байдаг "Гавьяат", "Гадас" нэртэй төмрүүдээ төр засаг нь шатрын үйл хэрэгт сэтгэл зүрхээ зориулсан эрхмүүддээ гар таталгүй өгчихөөд байдаг бол түүний хариуг барих хойч үе нь бэлтгэгдчихсэн байна шүү.
BOLDBAATAR DORJSUREN