Жан Жи Хунг: Олон улсын тэмцээнийг Монголд зохиох бодол бий

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Жан Жи Хунг: Олон улсын тэмцээнийг Монголд зохиох бодол бий

Монголын волейболын холбооны тэргүүлэгч гишүүн, “Энагурэ” клубын эзэн Жан Жи Хунгтай ярилцлаа.


Саяхан болсон Монголын волейболын холбооны Цомын тэмцээнээс “Монти” баг алтан медаль хүртлээ. Шинэ залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн “Монти” баг нэг ч хожигдолгүй түрүүлжээ. Эндээс яриагаа эхлэх үү?

-Тус тэмцээн олон үе шаттай явагдсан. Шигшээ тоглолтод эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг Цомын төлөө өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн аваргын төлөө “Монти”, “Сүхбаатар” багууд өрсөлдсөн. Сүхбаатар аймгийн багийн хувьд хуучин “Уурхайчин” багийн бүрэлдэхүүн бөгөөд энэ удаа тус аймгийн нэр дээрээс оролцсон. Харин “Монти” баг ахлах дасгалжуулагч ОУХМ Б.Хэрлэн, туслах дасгалжуулагч спортын мастер Л.Отгонцэцэг нарын удирдлагатай оролцож, аваргын алтан медаль хүртлээ. Мөн бидний нэг үзүүлсэн амжилт бол тойргийн тоглолтод нэг ч хожигдоогүй бөгөөд шигшээ тоглолтод өрсөлдөгчөө 2:0-оор хожсон. Тэгэхээр “Монти” баг энэхүү тэмцээнд 12 тоглохдоо хожигдолгүй түрүүлсэн нэгэн амжилтыг үзүүллээ. Мөн Цомын тэмцээний шилдгүүдийг тодруулахад М.Санчирмаа хамгаалагчаар, С.Пүрэвжаргал тэгш тоглогчоор шалгарсан.

-Ингэхэд энэ хоёр баг 2014 оны тавдугаар сард клубүүдийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө тоглож байсан шүү дээ. Спортын төв ордонд болж байсан энэ тэмцээн үзэгчдийг өндийлгөсөн сайхан тоглолт болж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр “Монти” баг өрсөлдөгчөө төвөггүйхэн хожжээ?

-Тийм ээ. Сайхан асуулт байна. Өнгөрсөн жил клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн хавар, намрын гэж болсон. Хаврын тэмцээний аваргын цомыг “Энагурэ” баг авсан бол “Эрчим” баг мөнгөн медаль хүртэж байсан. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод “Монти”, “Сүхбаатар-Цайрт Минерал”(“Уурхайчин”) багууд өрсөлдсөн. Түрүүлж хоёр хожсон баг медальтай үлдэх байлаа. Тоглолтын хожлын харьцаа 1:1 болоод байсан. Шийдвэрлэх тоглолт үнэхээр ширүүн болсон доо. Эхний болон гурав дахь үеийг “Монти” 25:20, 26:24-өөр авч байсан бол “Сүхбаатар Цайрт Минерал” хоёрдугаар үеийг 25:21-ээр өөрийн болгосон. Гурав дахь үед манай баг хожигдох юм бол шийдвэрлэх тавдугаар үе гарах байлаа. Охид маань тухайн үед том тэмцээний медалийн төлөө өрсөлдөж байгаа болохоор байдгаа шавхсан. Өрсөлдөгч багийн хувьд туршлага арвинтай баг учраас мэдээж амар хожигдохгүй. Ингээд тэр үе 32:30-ийн харьцаагаар манай багийн ялалтаар өндөрлөсөн удаатай. Одоо бодож байхад хүүхдүүд маань тэр тэмцээнээс маш том зорилгыг авч, энэ эрчээ алдаагүй яваад баярлаж явдаг юм. Спортын ордны зааланд олон хөгжөөн дэмжигчийн дунд болсон энэ тоглолт үнэхээр хэлэхийн аргагүй өөрчлөлтийг авчирсан даа. Эндээс “Монти” багийн амжилт эхэлсэн юм.

-“Энагурэ” багийн залгамж халаа болсон “Монти” багийн тоглогчдыг орон нутгаас бүрдүүлсэн гэж байсан. Аль аймгийн тамирчдыг багтаа авсан бэ?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцох багийг “Энагурэ” баг дээр түшиглэн явуулж байсан. Энэ баг байгуулагдаад 9 жил боллоо. Бид энэ хугацаанд дотооддоо томоохон өрсөлдөөнийг гаргасан болохоор олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байсан. Тэр ч утгаараа бидэнд залгамж халаагаа бэлдэх ёстой болсон. “Энагурэ” баг дээр Чон Юн Ха дасгалжуулагч олон жил ажилласан. Уг багийн залгамж халаа маш сайн байгаа. “Монти” багийн тамирчдыг орон нутгаас ирсэн өсвөр, залуучуудын шилдэг тоглогчдоор бүрдүүлсэн. Баянхонгор, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Чойр, Багануур, Төв аймаг, Зүүн-хараагаас ирсэн тамирчдыг авч байсан. Энэ жилийн цомын тэмцээнд оролцоход А.Батжаргал, Б.Энхзаяа нар спортын дэд мастер бусад тамирчид спортын I зэргийн цолтой оролцсон. Багийн дунд нас 17, багийн өндөр 170.3 см байна. Өөрөөр хэлбэл, хамгийн залуу тоглогч Х.Анужин 14, хамгийн ахмад нь А.Батжаргал 25 настай.

-Цомын тэмцээнд залуу тамирчдаас бүрдсэн “Монти” баг алтан медаль хүртсэн бол “Энагурэ” баг дөрөвдүгээр байрт оржээ? Энэ удаа “Энагурэ” баг медальгүй үлдсэн шалтгааныг та юу гэж хэлэх вэ?

-Өнгөрсөн жилээс эхлэн “Энагурэ”, “Монти” багууд хоёр хуваагдан тэмцээнд орж байгаа. Тус тэмцээнд Булган аймгаас санал тавьсны дагуу “Энагурэ” баг орон нутгийн төлөөлөл болж орсон. Булган аймгаас гурван тамирчин байсан бол бусад нь “Энагурэ” багийн тоглогчид. “Эрчим”, “Булган” аймгийн багууд хүрлийн төлөө тоглоход 2:1-ээр “Эрчим” хожсон удаатай. Хэсгийн хоёрдугаар тойрогт “Булган” баг бүх багтай сайн тоглосон хэрнээ нэг л хожил авсан. Энэ нь хоёр тойргийн тоглолтын дүнд нөлөөлсөн. Энэ удаа “Эрчим” баг үнэхээр сайн байсан. Тиймээс тэд хожлыг авлаа. Магадгүй цөөн хоног бэлтгэл хийхдээ бие биенээ сайн ойлгож чадаагүй байх талтай. Гэхдээ энэ тоглолтын талаар тамирчдаас нь сонсвол илүү сайн хариулж өгөх байх. Зарим туршлагатай тамирчдын хувьд медальгүй хоцорч байсан удаагүй байж ч мэдэх юм. (инээв)

-Улаан-Үдэд болсон олон хотуудын оюутны тэмцээнээс “Монти” баг алтан медаль авсан байна.?

-Энэ жил “Монти” багийн амжилт өндөр байлаа. Бид Монголын волейболын холбооны цомын тэмцээний өмнө Улаан-Үдэд болсон олон хотуудын оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Тэр тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. ОХУ-ын хотуудаас сайн багууд олон ирсэн. Эндээс “Монти” баг алтан медаль авсан бол “Хасу Мегастарс”-ын залуучууд мөнгөн медальтай ирсэн. Эмэгтэй багийн амжилтаас илүүтэй эрэгтэй багийн амжилт ч сайн байна.

-Таны хувьд орон нутагт болж байгаа тэмцээнийг үзэх дуртай гэж байсан. Одоо шинэ тамирчдыг эрэлд гарах уу?

-Зав гарвал орон нутгийн тэмцээнийг үзэх дуртай. Ур чадвартай хүүхдүүд орон нутагт их байдаг. “Энагурэ”, “Монти” багийг бүрдүүлэхэд ихэнх тамирчдыг орон нутгаас авч байсан. Ирэх сард Чойрт болох тэмцээнд очиж, өсвөрийн тамирчдын ур чадварыг харна. Бид багтаа өсвөрийн шинэ тамирчид авах учир орон нутгаас сонгох бодол бий.

-Та Монголд волейболын спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулж байна. Яагаад энэ спортод дурлах болсон бэ?

-Монголд бизнес хийгээд арваад жил боллоо. Уран зургийн галерей, спорт хувцасны үйлдвэр, жаазны үйлдвэр эрхэлж “Энагурэ” ХХК-ийг ажиллуулж байна. Би залуу байхдаа волейболын спортыг их сонирхдог байсан. Тиймээс Монголд волейболын баг байгуулья гэж зүтгэсний хүчинд өнөөдөр сайхан амжилтуудыг ар араасаа гаргасан тамирчидтай боллоо. Энэ амжилтаараа бид Олон улсад Монгол Улсыг төлөөлөн оролцож байна. Мэдээж шинээр гарч ирж байгаа “Монти” багт улам их ирээдүй байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ бидэнд бэлтгэл хийхэд заалны асуудал байдаг. Тамирчид маань долоо хоногт хоёр удаа бэлтгэл хийхдээ түрээсийн зааланд тоглодог. Ирэх жилээс өөрийн гэсэн бэлтгэлийн заалтай болж магадгүй.

Таны ойрын зорилго юу вэ?

– Олон жил волейболын эмэгтэй багтай ажиллаж, энэ хэмжээгээр Монголын волейболын спортод клубүүдийн өрсөлдөөнийг гаргахад анхаарч ирлээ. “Энагурэ”, “Монти” багууд маань томоохон өрсөлдөөнийг гаргасаар байна. Надад ирэх жилийн хавраас Олон улсын тэмцээнийг Монголд зохион байгуулах бодол байдаг. Хил залгаа улсуудаас тамирчид ирж тоглодог. Энэ нь цааш жил болгон болдог ч юм уу. Одоогоор энэ талаар клубүүдтэй ярилцаж байна.  

-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юу?

-Энэ сарын дундуур ОХУ-ын Эрхүү хотод тэмцээн болно. Тэндээс урилга ирвэл оролцоно.

Ч.БОЛОРЧУЛУУН

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж