Гол ашигт малтмалуудын үнэ дэлхийн зах зээлд хавтгайдаа уналттай байгаа нь томоохон компаниудын үйл ажиллагаанд хүндээр тусч байна. Зэсийн салбартаа дэлхийн хамгийн том компани гэгддэг Чилийн Codelco зах зээлийн хэцүү үеийг давж гарахын тулд нийт 4,000 ажилтан цомхотгох болсноо саяхан мэдэгдлээ. Ингэснээр тус компани өнгөрсөн оноос хойш Чилийн хэмжээнд хамгийн олон ажилтан цомхотголд хамруулсан компаниар нэрлэгдээд байна. Компанийн Гүйцэтгэх захирал Нелсон Пизаррогийн хэлснээр Codelco цаашид ч зардлаа тултал нь бууруулах төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлэх аж. Одоогийн байдлаар тус компани зардлаа 11% бууруулан төдийгүй Чилийн Засгийн газраас Codelco-гийн үйлдвэрлэлийг зогсоохгүй байх үүднээс нийт 600 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг олгохоор болоод байгаа. Энэ хөрөнгийг Чилийн Засгийн газрын бондын хөрөнгөөс олгоно гэдгийг тус улсын Сангийн сайд саяхан мэдэгдсэн. Мөн Codelco бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийн хэмжээг огцом багасгахгүйн тулд нийт 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар ажиллаж буй.
Зэсийн салбартаа удаалагчдын нэг, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Freeport-McMoRan компани мөн л ажилчид болон гүйцэтгэгчдийнхээ тоог 10%-иар танаж, зардал бууруулахаа мэдэгдээд байна. Одоогийн байдлаар АНУ-ын Аризона муж дахь Miami уурхайнхаа үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөсөн төдийгүй АНУ, Чили дэх 2 ч уурхайнхаа олборлолтын хэмжээг багасгах аж.
Дэлхийн уул уурхайн салбарын гол “тоглогчид”-ын нэг Glencore компани ч бас хямралын эсрэг цогц төлөвлөгөө хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал 2.5 тэрбум ам.долларын нэмэлт хувьцаа гаргах, ногдол ашиг хуваарилалтыг зогсоох, зарим орд газруудаа худалдах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн Даваа гарагийн байдлаар тонн зэсийн үнэ 5,070 ам.доллараас доош уруудсан. “Улбар алт”-ны үнэ ердөө сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд 5%-иар, он гарсаар 17% тус тус унаж, сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна.