-Гэвч, улс орон, эдийн засагт бол улаануудын нэгдэл, цэнхэрүүдийн хуваагдал аль нь ч ашиг авчрахгүй-
“Их мөрөн шалбаагтай нийлдэггүй” хэмээн нэг нь нөгөөдөө томорч, авлигач, олигархиараа дуудалцаж явсан гарал үүсэл, түүх нэгтэй коммунистуудын нэгдэх, эвсэх тухай яриа дахиад дэгдлээ. Энэ удаад МАН, МАХН-ын ахмадуудаас М.Энхболд, Н.Энхбаяр нарт хандаж “хадаг сүй” тавьцгаахыг хүсэв.
Өршөөлийн хуулиар Ардчилсан намынханд өр рүүгээ өшиглүүлсэн Н.Энхбаярын хувьд Ардын намтай нийлж аваад “өшөөгөө авах”-ыг төлөвлөж суугааг бол үгүйсгэхгүй. Өвгөдийн захиас, өргөх бичгийнх нь хариуд өчигдөр МАН-ын дарга М.Энхболд "МАХН-ын Удирдах зөвлөлд яаралтай танилцуулж, тоймтой хариу өгнө" гэдгээ товч бөгөөд тодорхой илэрхийлэв. Ингээд зогсохгшй МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Нэгдэхэд буруу ч юм байхгүй” гэх утгатай ярилцлага телевизэд өгснөөс харахад улаануудын эвсч, нэгдэх яриа энэ удаад харин чиг амжилттай, ирэх сонгуульд нь хамтарч оролцох нь бүтэмжтэй болж магадгүй шинжтэй байна. Үнэндээ Өршөөлийн хуулийг өөрийнх нь хүссэнээр батална гэж итгэж байсан Н.Энхбаяр Ардчилсан намынханд "мад тавиулсан"-даа шаралхаж, МАН-д ханд хаях болсон нь түүний хувьд буруу зүйл биш юм. Тэгээд ч үсэрсэн цус, тасарсан махаа өмөөрөн хамгаалж, нэгдэн нийлэх хүсэл, сонирхол МАН дотор өдөр ирэх тусам өдөлсөөр байгаа тохиолдолд шүү дээ
Өнгөрөгч долоо хоногт Тусгаар тогтнолын ордонд болсон “Бид хамтдаа” форумд МАХН-ынхан их идэвхтэй оролцсон хийгээд энэ үйл явдлын дараахан ахмадуудынхаа ая эвээ олох, асуудлаа ярилцахыг хүссэн зөвлөгөөг их л уриалгахан хүлээж авсан зэргээс нь харахад М.Энхболдод ч, Н.Энхбаярт ч эвсч нэгдэх чин хүсэл цээжнийх нь цаана байгаа нь илэрхий. М.Энхболдыг улс төрд хөтөлж оруулсан хүн нь Н.Энхбаяр. Нэгэн цагт өөрийнхөө залгамжлагчаар тодруулж, хотын даргаас намын дарга болгон "дэвшүүлж" байсан ачийг нь бодохгүй байлаа гэхэд түүнд бач санах явдал гарахгүй болов уу.
Парламентад суудалтай намуудын рейнтингийг харахад АН, МАН-ын үзүүлэлт ерөнхийдөө ойролцоо байгаа нөхцөлд тэдний хэн нь Н.Энхбаяртай түрүүлж гар барьсан нь ирэх сонгуулийн ялалтыг халаасалж магадгүй байна. Иймээс л Н.Энхбаярын "дайсан үг"-ийг М.Энхболд, Ж.Мөнхбат нар хүлээж авсан биз. Түүнээс хэдэн өвгөний яриаг МАН-ын дарга нар хэдэн цаг тэвчээртэй сонсоод суух уу?
“Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр байдаггүй" болохоор улс төрийн стратеги талаас нь харсан ч МАН болоод МАХН-ынхан нэгдлээ гэхэд буруутгах зүйл үгүй. Тэдний нэгдэх, нийлэх явдал үнэндээ өнөө юу, маргааш уу гэсэн зөвхөн цаг хугацааны асуудал болж.
Угаасаа өнгөний ялгарал ч үгүй, үзэл бодол адилхан коммунистуудын хувьд дундуураа дүүргэж, дутуугаа нөхөөд сонгуульд орлоо гэхэд олонх болохоо байг гэхнээ цөөнх болохгүй нь лав. Ардчилсан нам хар машиндаа найдаж байгаа шиг Ардын намын найдлага өнөөдөр Н.Энхбаяр болжээ гээд хэлчихвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз. Нөгөө талаар З.Энхболдод улаан нүүр рүүгээ муухай "алгадуулсан" Н.Энхбаяр зөөлөн чихтэйгээр нь М.Энхболдыг чихдэж аваад өс авах зэвсэг болгон Ардын намыг ашиглахыг бодож байж болно. Гэхдээ, улс төрийн тактикын хувьд улаануудын 2016 онд ялах боломж нь өчигдрийн өс хонзонгоо мартаж, өвөр түрийдээ орох явдал гэдгийг одоо л тэд ойлгож байх шиг.
Ц.Нямдоржийн үгүйсгэлийг үгүйсгэж, “Их мөрөн шалбаагтай нэгдсэн” тохиолдолд энэ нь М.Энхболдод биш Н.Энхбаярт, МАН-д бус, МАХН-д ашигтай хувилбар байж болох талтай. Тэгээд ч “Алим модноосоо хол унадаггүй” гэсэн үг бий. “Сант Марал” төвөөс хийсэн хамгийн сүүлийн судалгааны дүнг харахад МАН-ын 38,9 хувийн рейтинг дээр МАХН-ын 18.9 хувийн рейтингийг нэмбэл, эрх баригч намын авсан 33 хувийн рейтингийг давж гарахаар байгаа. Энэ үзүүлэлтээс харахад улаануудын нэгдэл арван зургаан оны сонгуульд амжилт авчрахыг үгүйсгэх аргагүй байна.
Ийнхүү Саарал ордны гадна улаануудын эвсч, нэгдэх яриа ид өдөлж байх хойгуур харин төрийн ордон дотор цэнхэрүүд талцаж, хуваагдах тухай “бор шувуу” нисч байна. Хамгийн сүүлд гэхэд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн баривчилгааны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга Ардчилсан намыг задалж, МоАХ фракциа аваад гарахаа мэдэгдсэн нь зүгээр ч нэг анхааруулга биш болов уу. Хортой, шартай, амбицтай, мөнгөтэй хүний хувьд АН-аас МоАХ-оо аваад гарлаа гэхэд түүнийг хэн хориглож чадах юм бэ. З.Энхболд их л сайндаа аргадна биз, ингэлээ гээд шадар туслахыг нь барьж хорьсон бачууралдаа боож үхэнгээ алдаж яваа Х.Баттулгын амбицыг барьж хорьж чадах уу. Ардчилсан намаас гарлаа гэхэд түүнийг Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, М.Зоригтоос эхлээд дагаж намирах хүмүүс АН-д цөөнгүй бий. Үүний өмнөхөн Н.Алтанхуяг Бүтээн байгуулалтын нам байгуулах нь гэсэн “мессеж” улс төрийн хүрээнээс тарсан. Хэдийгээр энэ мэдээг эрх баригч хүчин үгүйсгэж байгаа ч "Эдийн засгийн хөгжлийн экс сайд Н.Батбаяр ийм нам байгуулах юм гэсэн" гэх яриа улс төрийн бас нэгэн хачир болж байна. Энэ яриа хэрэв үнэн бол цэнхэрүүд хоёр биш бүр гурав хуваагдахгүй гэх газаргүй болжээ.
Ардчилсан намын удирдлагууд өнгөн дээрээ “АН задрахгүй” гэж бардам хэлж байгаа боловч цаанаа бол аль хэдийнэ нам нь хуваагдахад бэлэн, ан цав гараад удаж байгаа юм.
Улс төрд ирэх ашиг хонжоогоо бодвол улаануудын нэгдэл өөрсдөд нь нэн ашигтай. Н.Энхбаяр гэдэг хүний өнө эртний болоод өнөөдрийн өс хонзон авах гишгүүр ч болж магадгүй. Харин Х.Баттулга МоАХ-аа аваад, Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар шинэ нам байгуулаад гарах юм аваас Ардчилсан нам болоод цэнхэрүүд амиа хорлолоо гэсэн үг.
Хэдийгээр цэнхэр багийн тэргүүн фракцигүй болсноо зарлаад найман сар өнгөрсөн ч тус намын бүлэглэлүүдийн тэмцэл хаалгаа тас тийрээд, гадагшаа сад тавьж байна. Ардчилсан намын энэ хагарал дээр хэрэвзээ улаанууд улс төрийн зөв тоглолт хийж чадвал ирэх оны сонгууль тэднийх болно.
Тавантолгой, төмөр зам гэсэн мега төслийг тойрсон цэнхэрүүдийн хэрүүл, Х.Баттулгын өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн шиг “эрх мэдлийн төлөөх энэ тэмцэл” нь Ардчилсан намыг талцуулаад зогсохгүй, таван намын нэгдэл бүхий тус намд задрал нүүрлэхэд тун ойрхон аваачив. Чухамдаа Ардчилсан намын даргатайгаа тааралгүй "Ард түмнээ хайрлая" гээд ичиж, эмээдэггүйгээрээ Л.Гүндалай ил тод зарласан болохоос ийм бодол, сэтгэл тус намын хичнээн гишүүний толгой дотор нуугдчихсан явааг тоймлоход төвөгтэй.
Нөгөө талаар, Ардын нам тасравч АН-ын дайтай гэж С.Баярын нэгэнтээ хэлсэн шиг энэ удаад Ардчилсан нам хуваагдвал Ардын намынх шиг ядаж л 26 кнопыг ард түмнээсээ зулгааж чадна гэж хэлэхэд эртэднэ. Тэр тусмаа гурав хуваагдаж магадгүй байгаа АН "гүрвэлийн дайтай" харагдаж чадах нь юу л бол.
Арван хоёр оны сонгуульд Ардын намын ялагдсанд Н.Энхбаяр буруутай шиг, Ардчилсан намын ялалтад МАХН-ын гавъяа их бий. Энэ гавъяаг нь үнэлнэ гэж Н.Энхбаяр эндүүрсэн. Гэвч, тэр өнөөдөр Ардчилсан намд сайхан хулхидууллаа. Иймээс энэ удаад Н.Энхбаярт хуучин нөхөр нь, дээлийн шинэ нь хэрэгтэй болсон ч байж магадгүй юм.
Ийнхүү арван зургааны оны сонгууль ойртохын хэрээр улаанууд эвсэх, цэнхэрүүд хуваагдах тухай яриа хүчтэй өрнөж байна. Улс төрд ирэх ашиг хонжоогоо бодвол улаануудын нэгдэл өөрсдөд нь нэн ашигтай. Н.Энхбаяр гэдэг хүний өнө эртний болоод өнөөдрийн өс хонзон авах гишгүүр ч болж магадгүй. Харин Х.Баттулга МоАХ-аа аваад, Н.Батбаяр нар шинэ нам байгуулаад гарах аваас Ардчилсан намд хохирол дагуулна. Гэхдээ АН-ын дарга эрхбиш намаа задлах, хуваах хэмжээнд арай аваачиж хаяхгүй байлгүй дээ. Эцэст нь хэлэхэд улаануудын нэгдэл, цэнхэрүүдийн хуваагдал улстөрчдөд өөрсдөд нь ашигтай ч улс орны хөгжил, эдийн засаг талаасаа аль, аль нь ашиг авчрахгүй нь харин үнэн билээ.
Ж.НЯМСҮРЭН