Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газар танхимаараа огцорч байлаа. Түүнийг огцруулахад намынхан нь болоод танхимын сайдуудынх нь оролцоо их байсныг энд дахин нурших нь илүүц биз ээ.
Н.Алтанхуягийг огцруулсны орой “Асуудал шийдэгдсэн. Одоо урагшаагаа явъя” гэж Ж.Батзандан жиргэж байснаас хойш дэлхий тэнхлэгээ 365 удаа тойрчээ. Энэ хугацаанд З.Энхболд намын дарга болж, Ч.Сайханбилэг засгийн залуур дээр томилогдов. Нэг хүнд байсан хоёр тамгыг хоёр хүн хувааж авснаараа Н.Алтанхуягийн “зовлон” багасч, З.Энхболд, Ч.Сайханбилэгийн зовлон эхэлсэн гэж хэлж болно. Магадгүй Н.Алтанхуягтай хоёр жил, Н.Алтанхуяггүй нэг жилд Ж.Батзандангийн жиргэсэнчлэн Ардчилсан нам ялсан уу, ялагдсан уу, урагшилсан уу, ухарсан уу гэдгийг арван зургаан оны сонгууль, ард түмний сонголт харуулах биз ээ.
Ардчилсан намын түүхэн амжилтуудын “автор” нь хүссэн ч, эс хүссэн ч Н.Алтанхуягтай холбогдоно. Таван удаагийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан, хамгийн удаан хугацаанд намын дарга хийсэн хийгээд АН-ын тодотголтой Ерөнхий сайд нараас хамгийн урт хугацаанд албан тушаал дээрээ тогтсон Н.Алтанхуягт амжилт ч байсан, алдаа оноо ч байсан биз.
Ардчилсан нам бол таван намын нэгдэл. Эрх мэдэлд шунан тэмүүлсэн фракциудынхаа эв нэгдлийг хангана гэдэг ур ухаан, удирдах чадвар шаардсан ихээхэн хүнд ажил гэдгийг, Н.Алтанхуягийн эдэлж ирсэн энэхүү “зовлон”-г З.Энхболд өнөөдөр өөр дээрээ хамгийн их мэдэрч байгаа болов уу.
Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “хүний өөрийнгүй” довтолсон хоёр жилд Н.Алтанхуяг “АТГ, Ардын нам хоёр” ажил хийлгэхгүй байна гэж аргаа барж суусан. Н.Алтанхуягийн хамгийн том алдаа бол Ардын намтай гар бариагүй явдал. Эрх мэдлийн тойргийн гадна Ардын намыг үлдээсэн нь түүнийг албан тушаалаасаа огцрох томоохон шалтгаан бөгөөд гол үндэс болсон хэрэг.
Хэрэв тэр Ардын намтай гар барьсан бол Ерөнхий сайдын бас намын даргын суудлаа авч үлдэж чадах байсан ч байж магадгүй . Одоо, нэгэнтээ бүх зүйл өнгөрч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ардын намтай гар барьснаараа алдаа хийснээ, Н.Алтанхуягийн Ардын намаас татгалзах шалтгааны учрыг Ардчилсан намын шинэ дарга ойлгосон ч биз.
Н.Алтанхуяг Ардын намынханд хандаж нэгэнтээ ингэж хэлж байсан юм. “..МАН улс төрийн тэмцэл нэрээр улсаа хорлодог байж болохгүй юм даа. МАН түмний төлөөлөл гэдгээ л умартаж, төрийн ажлыг гацаадаг байж хэрэггүй дээ. МАН ард түмний дайсан бол АН гэж сурталтдаг байж хэрэггүй дээ. МАН бид л биш бол бусад нь чаддаг байх ёсгүй гэдэг аминч үзэлтэй байж бас болохгүй шүү дээ. МАН ард түмнээ ардчиллынхан гэж ялган ад үзэн гадуурхдаг байж болохгүй ээ. МАН төрийн төсвийг намын түрийвч болгодог байж болохгүй ээ. МАН ард түмний хөрөнгөөр Ардын нам гэсэн хаягтай байшин барилга барьж, өмчилдөг байж болохгүй ээ. МАН хийж бүтээхийг хөшөө барих гэж ойлгодог байж бас болохгүй ээ. МАН хөгжил дэвшилд хөшүүн хойрго, хүнд сурталтай ханддаг байж болохгүй ээ” гэж. Түүний тэр үгийг МАН-ын засгаас хөөх шийдвэр гаргах үедээ Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийнхөн давтаад сууж байсан нь гурван сарын өмнө. Тэнэгийн ухаан хойноо гэж монголчууд ярьдаг даа. Ардын намтай гар барьж болохгүй гэж анхааруулаад байхад Н.Алтанхуягаа авч шидчихээд, долоон сар хүрэлгүй гэрээсээ хөөгөөд гаргачихсан шүү дээ.
Н.Алтанхуягт мөнгө байгаагүй юм. Түүнд Ардын намынхан өр л үлдээсэн. Тэрбум долларыг зээл аваад тараасан. Ардын намынхны баасыг Н.Алтанхуяг цэвэрлэх гэж зүтгэсэн нь, Ардчилсан нам цэвэрлээд зүдэрч яваа нь худлаа биш шүү дээ.
Ардчилал ялснаас хойшхи 25 жилийн хугацаанд Н.Алтанхуягийн засаг шиг бүтээн байгуулалт өрнүүлсэн нь хэн билээ. Ардын намыханд хараалган, шүүмжлүүлэн байж олж ирсэн “Чингис бонд”-ын хөрөнгө оруулалтаар тавьсан зам, боссон үйлдвэрүүд Ардчилсан намын сонгуулийн хөзөр болж байгааг…
Шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгосон нь түүний Засгийн газрын амжилт байсан. Зам, барилга, үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт улам эрчтэй өрнөж, хоёрхон жилийн дараа 21 аймагтайгаа хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, аймаг, сум бүрийн иргэд эмнэлэг оношилгооны төв, дэд бүтцийн асуудлууд нь бүрэн шийдэгдсэн тохилог орчинд амьдарч, монголчууд бид өөрсний хэрэгцээнийхээ нэлээдгүй хувийг дотоодынхоо чанартай үйлдвэрлэлээр хангадаг болохын төлөө тэр хичээж байсан ч, харамсалтай нь зорилгоо биелүүлж чадаагүй.
Тэр явсан, бусад нь ирсэн. Гэвч монголчуудын амьдрал, Ардчилсан намын нэр хүнд Н.Алтанхуягийн он жилүүдээс дээрдсэн нь юу байна вэ?
Т.САРАНТУЯА