Б.Саранчимэг ажлаа хүлээлгэж өглөө

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг ажлаа хүлээлгэж өглөө

Б.Саранчимэг ажлаа хүлээлгэж өглөө

Өнгөрсөн аравдугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг дарга "Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн" НӨҮГ-ын дарга Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргажээ. Энэ үед нь Б.Саранчимэг дарга ээлжийн амралттай байсан гэнэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил бүр нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажилладаг. Гэвч энэ жил нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах боломжгүй гэдгээ Б.Саранчимэг дарга илэрхийлжээ. Энэ үйлдэл нь ажил олгогчийн итгэлийг алдсан гэж Э.Бат-Үүл дарга үзсэн. Мөн дээрх үндэслэлээр Б.Саранчимэг даргыг ажлаас нь чөлөөлсөн гэсэн тайлбарыг зарим эх сурвалж хийж байна.

Мөн хотын даргын энэ шийдвэр нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн сард тавьсантай холбож үзэх хүмүүс байна. Учир нь, тэрхүү огцруулах саналд Б.Саранчимэг гарын үсэг зурсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж зарим эх сурвалж мэдээлэв.

Даргыг нь ажлаас нь чөлөөлсөн учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид өнгөрсөн сарын 25-ны өдрөөс хойш даргын гарын үсэг байхгүй гэсэн шалтгаанаар цалингаа аваагүй өдийг хүрчээ. Түүнчлэн шинэ дарга ирэхээс нааш цэцэрлэгт хүрээлэнгийнхэн ажлын хөлсөө авч чадахгүй гэж мэдэгдэв.

Удахгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шилэн кабельд холбогдож, өндөр хурдны интернэттэй болох юм. Энэ нь цэцэрлэгт хүрээлэнд амарч, зугаалж буй иргэд үнэгэй WIFI интернэтээр холбогддог болно. Энэ мэтчилэн өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдийн хөрөнгө, олон нийтийн дэмжлэгтэйгээр цэцэрлэгт хүрээлэнд нийтэд хамарсан олон бодит ажлыг хийсэн. Гэхдээ өнөөдрөөс албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч байна гэдгээ Б.Саранчимэг дарга мэдэгдлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "Мика Монгол" ТББ-тай хамтран өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн "Эко танхим" сургалт мэдээллийн төв байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр уг төсөл дуусч, "Эко танхим" ашиглалтанд орлоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн оффисд байрлах энэхүү танхимыг цаашид экологи байгаль орчны тулгамдсан нэгдсэн баазыг бий болгоно гэж албаныхан төлөвлөжээ. Эхний ээлжинд экологи, байгаль орчинтой холбоотой 500 гаруй ном, товхимолыг бүрдүүлж, уншигчид ашиглахад бэлэн болгожээ. Нээлтийн үеэр эрдэмтэн доктор Б.Чимид, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас нийт 30 гаруй төрлийн 200 орчим номыг тус танхимын номын санд бэлгэн болгон, дурсгасан юм.

"Эко танхим" нь байгаль орчны салбарыг сонирхон судалдаг хүн бүхэнд нээлттэй. Иргэд, уншигчид уг танхимаар үнэгүй үйлчлүүлнэ. Мөн экологи, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэл, зөвлөгөөн, сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулахад нээлттэй.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж