Малайзад болж буй Зүүн Өмнөд Азийн холбооны орнуудын “АSEAN” батлан хамгаалахын сайд нарын бага хурлын төгсгөлд хамтарсан мэдэгдэл хийхгүй гэнэ. Оронд нь Батлан хамгаалахын сайд нарын хурлыг даргалагч мэдэгдэл хийх аж.
Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх батлан хамгаалахын сайд нарын уулзалтанд “АSEAN” холбооны гишүүн бус АНУ, Хятадын талыг урилгаар оролцуулж байгаа юм. Хаалттай хаалганы цаана үргэлжилж буй хурлаар Өмнөд Хятадын тэнгис дэх газрын маргаанаас үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа аж. Бээжин нь Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн оронтой арлын маргаантай байгаа билээ.
Үүний зэрэгцээ өчигдөр /XI.3/ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер Хятадын Чан Ваньцюан нар уулзжээ. Уулзалтын дараа Хятадын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюан мэдэгдэл хийж, АНУ-ын тэнгисийн цэрэг Өмнөд Хятадын тэнгист зохисгүй аашилсныг шүүмжилсэн байна. АНУ-ын тэнгисийн цэргийн пуужин тээгч сөнөөгч хөлөг Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн хиймэл арлуудад хэт ойртсоныг өдөөн хатгалга гэж үзэж байгаа аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS