«Когалымавиа» компанийн Airbus A321 онгоц техникийн гэмтлийн улмаас сүйрчээ. Эд мөрийн баримтууд, хиймэл дагуулын зураг үүнийг гэрчилж байна хэмээн мягмар гаригт Египетийн засгийн газрын албан ёсны төлөөлөгч Хусам аль-Кувейш Al-Hayat телевизээр ярихдаа мэдэгдсэн байна.
“АНУ, Оросын мэдлийн хиймэл дагуулууд террорын улмаас осол гарсан гэдгийг үгүйсгэж байгаа юм. Эд мөрийн баримтууд нь онгоц доторх техникийн гэмтэл сүйрлийн шалтгаан гэдгийг өгүүлж байна” гэж тэр албан тушаалтны хэлснийг Оросын РИА Новости агентлаг дамжууллаа.
Ослын газар эрлийн ажиллагаа дуусан гэж Аль-Кавиш мэдээлсэн байна. Орос, Франц, Герман, Ирланд зэргийн орнууд оролцож байгаа мөрдөн байцаалтын үр дүнг засгийн газар хүлээж байна гэж тэр бас хэлжээ. Үүний өмнө ТАСС мэдээлэхдээ, амь үрэгдэгсдийн цогцост дэлбэрэлтийн ул мөр байгаагүй хэмээн мөрдөн байцаалтад ойр эх сурвалж хэлсэн байна. Америкийн CBS, NBC сувгуудын мэдээгээр АНУ-ын хэт улаан туяаны хиймэл дагуул Синайн хойг дээр онгоц сүйрэх үед дулааны цацалт гарсныг бүртгэжээ. Цагаан ордон үүнд тайлбар өгөөгүй байна.
Энэ ослоор Орост Эрүүгийн хуулийн “Агаарын хөлгийн ашиглалт ба хөдөлгөөний аюулгүй дүрмийг зөрчсөн”, “Аюулгүй байдлын шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлсэн” гэх хоёр заалтаар хэрэг нээжээ.
Шарм-эль-Шейх — Санкт-Петербург чиглэлээр нислэг үйлдэж байсан «Когалымавиа» компанийн аэробус аравдугаар сарын 31-нд Москвагийн цагаар өглөөний 06:51 тэндээс хөөрч 07:14 цагт холбоо тасарч радарын дэлгэцнээс алга болжээ. Сүүлчийн нислэг нь дөнгөж 23 минут үргэлжилсэн онгоцонд 217 зорчигч, багийн долоон гишүүн явсны 24 нь хүүхэд байжээ. Агаарын хөлөг Хойд Синайн Эль-Ариш хотоос өмнө зүгт унасан.
Серийн дугаар нь 0663 гэсэн А321-231 онгоцыг 1997 онд үйлдвэрлэжээ. IAE V2500 хоёр хөдөлгүүрийг нь International Aero Engines консорциум, Rolls-Royce, Pratt&Whitney, Japanese Aero Engine Corporation, Германы MTU компанитай хамтран бүтээсэн юм байна.
Онгоц нь Голландын AerCap (1563 онгоцтой) лизингийн компанийн хөрөнгө бөгөөд Ирландын EI-ETJ бүртгэлтэй, Оросын «Когалымавиа» компани 2012 оноос ашиглаж иржээ. Үүний өмнө түүнийг Туркийн Onur Air ба Саудын нисэхийн зэрэг дөрвөн компани ашиглаж байсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР