УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахад УИХ тодорхой үүрэг өгч, захиргааны аргаар ажиллахгүй бол эдийн засагт даатгаад явахгүй гэдгийг өнгөрсөн 25 жилийн түүх харуулж байна гэж шүүмжилж мөн горимын санал гаргалаа. Тэрээр “Төрийн алба 180 мянган хүнтэй, банкны зээлгүй хүн алга. Малчид нь бүгдээрээ Хаан банкны зээлтэй. 300 мянган тэтгэвэр авагч нь мөн тэтгэврийн зээлтэй. Аж ахуйн нэгжүүд нь банкинд мөн бизнесийн зээлтэй байна. Орон нутагт ажиллах үеэрээ би саяхан 300 хүнтэй байгууллагаас хэчнээн нь арилжааны банкны зээлтэй байна вэ гэдгийг тодруулахад “Гуравхан хүн зээлгүй” гэж хариулж байна лээ. Нэг байгууллага юм шиг мөртлөө Монголын дүр зураг энэ.
Арилжааны банкны зээлийн хүүг үе шаттайгаар жилд 1-2 хувь бууруулж болдоггүй юм уу. Ж.Батзандан гишүүний хэлснээр арилжааны банкны зээлийн хүү жилийнх нь 18.3 хувь байна, үүнийг 15 хувь болгож болдоггүй юм уу. Арай хэтэрлээ, арилжааны банкууд мафийн зохион байгуулалтад орлоо. Гадны хөрөнгө оруулалттай жилийн 2-3 хувийн хүүтэй зээл олгодог банк оруулж ирье гэхээр эсэргүүцдэг.
Орон тоо нь нүсэр том, захирлууд нь өндөр цалин авдаг. Захиргааны аргаар хандахгүй бол эдийн засгийн аргаар явахгүй юм байна. Тансаглал, зардлаа бууруулна биз.
Олон улсын байгууллагын 0.75 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд дамжуулан зээлдүүлж ашиг хүртэж хөлжсөн. Муу зүйл биш л байх, гэхдээ тусаа боддог байх хэрэгтэй. Шинэ үнэтэй байшин ашиглалтад ороход арилжааны банкны аль нэг салбар нь орсон байна. Энэ бол ашигтай ажиллаж байгаагийн нэг илрэл” гэв.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2016 оны Мөнгөний бодлого боловсруулах хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Зээлийн хүү өндөр байгаатай санал нэг байна. Ажлын хэсгийн төвшинд гишүүдийн гаргасан саналын дагуу ярилцсан. Механикаар бууруулах арга хэмжээ авахад хүндрэлтэй. Цаана нь хадгаламжийн хүү байгаа. Бодит байдлаар дэмжихийн тулд 2016 оны төсвийг алдагдалгүй батлах, валютын урсгалыг нэмэгдүүлэх. Авсан зээлээ хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах нь зөв юм аа гэж үзэн, хоёр ч зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороонд оруулж ирж байгаа” гэх хариулт өгөв.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Зээлийн хүртээмж нэмэгдсэн. Малчид, дундаж амьдралтай иргэд гээд зээлд хамрагдаж байгаа нь сайн зүйл.
Сүүлийн жилүүдэд улсын төсөв нь тогтмол 1 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай гардаг болсон. Дээр нь орлогоо зөв тооцдоггүй, эдгээр шалтгаанаас болж аж ахуйн нэгжүүд нь банкнаас зээл авч ажил гүйцэтгэдэг, төр нь гүйцэтгэсэн ажлынх нь хөлсийг өгч чаддаггүй гээд бэрхшээл гарах болсон. Мөнгөний зах зээл дээрх эрсдэл буурахгүй байна.
2015 онд бид 1 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байсан гэтэл 100 сая ам.доллар.
Банкууд ногдол ашиг тараадаггүй, ашгаараа зээл өгөх боломжоо нэмэгдүүлж ирсэн. Банкны систем бол онцлогтой. Нэг хүнээс мөнгө аваад нөгөө хүнд зээлүүлдэг. Хүчээр зээлийн хүүгээ бууруул гэж захиргаадаж болохгүй. Хуулийн гаргалгааг нь сайн гаргах ёстой” гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төрийн банкийг хувьчилах жагсаалтад багтаан оруулж ирлээ. Энэ зөв үү. Хувьчлах сургаар эдийн засгийн үзүүлэлтүүд нь муудаж, суларч байгаа сонсогдох. Төр бодлогоороо Төрийн банкийг байлгаж болдоггүй юм уу. Түүгээрээ дамжуулаад жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл, сум хөгжүүлэх сангийн зээл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл гээд сангуудынхаа зээлийг бизнес эрхлэгчиддээ хүргэж яагаад болохгүй байна вэ.
Хөрөнгө хуваарилагдаад байдаг бизнес эрхлэх, юм бүтээх хүсэлтэй зээлдэгчид зээл нь очихгүй байна. Хөгжлийн банкнаас том зээлийг олгодог, одоо тэнд 950 тэрбум төгрөг сул хэвтэж байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хэлбэрээр 500 тэрбум төгрөг маш бага хүүтэйгээр арилжааны банкуудад байршиж байна. Үүнийг Төрийн банкинд хадгалуулаад тэтгэврийн зээлийн хүүг бууруулъя гэдэг санаачлага гаргасан ч сайд С.Эрдэнэ дэмжээгүй.
Хоёрдугаарт, Хятадаас 1.9 тэрбум доллартай тэнцэх своп хэлцэл байгуулсан. Хүү нь хэд болсон бэ.
Монгол, банкны алдагдал 2014 онд 952 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн мэдээ байгаа. Үүнд юу нөлөөлөв гэдэгт хариулт өгөөч” гэсэн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Төрийн банкны үзүүлэлт онцгой сайжирч, мөн муудсан зүйл байхгүй. Яаж байгуулагдсан түүхийг сайн мэдэж байгаа, сайн зээл дээр суурилж бий болгосон. Засгийн газрын эзэмшил банк байх нь зохисгүй. “Хотш” банкнаас эхэлж яривал дуусашгүй. Засгийн газар солигдох бүрийд төрийн эзэмшил банкны захирал солигддог, энэ нь аливаа банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Засгийн газрын 100 хувь төрийн өмчит банк байх нь буруу, яаралтай хувьчлах ёстой.
Хятадын своп хэлэлцэлтэй холбоотой хүүгийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Алдагдлын тухай мэдээлэл олон нийтэд нээлттэй байгаа.
Эх үүсвэрийг нь өгөөд тэтгэврийн зээлийн хүүг бууруулъя гэдэг нь буруу жишиг тогтооно.
Зээлүүдийн тухайд зөв газраа байршуулж өгөөжтэй болгох нь Засгийн газрын өөрийнх нь үүрэг” гэсэн хариулт өгсөн юм.
Эцэст нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ц.Нямдорж гишүүний гаргасан арилжааны банкны зээлийн хүүг бууруулах саналыг дэмжсэний зэрэгцээ 2016 оны төсвийн алдагдлыг бууруулах, зээлжих зэрэглэлийг сайжруулахтай холбоотойгоор тодорхой арга хэмжээ авах зэрэг саналууд тус бүр дэмжлэг хүлээж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Г.ДАРЬ