Өршөөлийн хууль Үндсэн хуультай харшилдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хууль Үндсэн хуультай харшилдаж байна

-ЕРӨНХИЙЛӨГЧ ДАХИН ХОРИГ ТАВИХ, ЦЭЦЭД ХАНДАХ ЗАМААР ЗАСАХГҮЙ Л БОЛ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ДАХЬ НОЦТОЙ ХИЙДЭЛ АРИЛААГҮЙ БАЙНА-   

Дуншиж, дуншиж /2015.08.11-ний өдөр/ батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль авлигачдыг өршөөх нь хэмээн ардчилсан Ерөнхийлөгч хориг тавьж, ард түмний эсэргүүцэлтэй тулгарч байж саяхан батлагдсан. Авлигачид өршөөгдөхөөс ангид хоцорсон ч гуйлгачингийн уут гурав цоорхойн үлгэрээр ард нь бас хэд хэдэн ноцтой хийдлүүд үлдэж, Үндсэн хуулийн суурь зарчмууд зөрчигдсөн хууль батлагдлаа. Нухаж нухаж, хэлэлцэж хэрэлдэн байж гаргасан хууль нь хүртэл хэд хэдэн цоорхойтой байгаа нь энэ удаагийн парламентын чадвар, чансаа энэ хэрээс хэтрэхгүй гэдгийг харууллаа. Эсвэл зориуд ийм хийдэл гаргасан ч байж болох. Юутай ч Өршөөл үзүүлэх тухай хуульд дараах ноцтой хийдлүүд байгааг  Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль санаачлагчид, хуульчид, судлаачид онцгойлон анхаарч, засч залруулах арга хэмжээг нэн даруй авах, авахуулах нь тулгамдсан асуудал болоод байна. 

Үүнд: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 буюу ялаас өршөөн хасах, мөн хуулийн 7 дугаар зүйл буюу Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт нь тус тус Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан суурь зарчмууд, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтуудыг тус тус зөрчжээ.

Тодруулбал Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 буюу ялаас өршөөн хасах зохицуулалт нь гэмт хэргийн ангилал буюу аюулыг үл харгалзан хавтгайруулан 2 жил хассан нь, мөн ялаас нь хасвал зохих бүхий л гэмт хэргийг бүрэн хамааруулаагүй нь зарим этгээдийн эрх зүйн байдлыг дордуулснаас гадна бусад ноцтой хийдэл, зөрчил үүсгэсэн байна.   

Тухайлбал, Хүнд, хүндэвтэр гэмт хэргийг адилтган үзэж, тус бүрээс 2 жил хассан нь буруу бөгөөд зүй нь хүндэвтэр гэмт хэргийг “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох”  зохицуулалтад хамааруулах шаардлагатай байсан. 

Өршөөл үзүүлэх тухай 2009 онд баталсан хуульд “ял өршөөн хасах гэмт хэрэг”-ийг нэрлэн заагаагүй, харин нийгмийн аюул буюу ангиллыг харгалзан хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 3 жил, онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 2 жилийг тус тус хасах, хүндэвтэр гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байсан нь Үндсэн хуульд заасан суурь зарчмын агуулгад нийцсэн байв.  

Үүгээр зогсохгүй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл буюу Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг өөрчлөхгүйгээр Улс, нийгмийн эрх ашиг бүрэн хангагдахгүй, Үндсэн хууль буюу түүгээр хамгаалсан үнэт зүйлс, зарчим зөрчигдөхөөр байгаа юм.

Хамгийн ноцтой нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д буюу хасалтад ороогүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлд буюу Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарахгүй гэмт хэргийг “ангилал үл харгалзан бүгдийг нь хэрэгсэхгүй болгох”-оор заажээ.  Өөрөөр хэлбэл гэмт этгээдүүдийг хавтгайруулан өршөөхөөр хуульчилжээ гэсэн үг. Улс, нийгмийн эрх ашгийн эсрэг ноцтой зөрчил гаргасан этгээдүүд ч хуулийн энэ хийдлээр өршөөгдөх нь.     

Бодоод үз. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн зохицуулалт 304 байдаг. Гэтэл үүнээс 8 гэмт хэрэг, мөн албан тушаалтнуудын оруулахгүйн төлөө үхэн хатан тэмцээд байсан 36 гэмт хэргээс бусад бүх гэмт хэргийг “ангилал үл харгалзан” хэрэгсэхгүй болгох нь. Тодруулбал 270 төрлийн гэмт хэргийг шууд л хэрэгсэхгүй болгох нь. Үүгээр зогсохгүй энэхүү хуулийг батлахад төрийн бодлогын залгамж чанар ч бас алдагдаж. Урьд өмнө нь баталсан Өршөөл үзүүлэх тухай 1991, 1996, 2000, 2006, 2009 оны хуулиудын үзэл баримтлал, суурь зарчим, боловсронгуй зохицуулалтуудыг баримтлах ёстой байтал энэ удаад тэгсэнгүй.

Тиймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 буюу ялаас өршөөн хасах, мөн хуулийн 7 дугаар зүйл буюу Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтууд нь Үндсэн хууль, эрх зүйт хууль засаглах эрх зүйн онолын үзэл баримтлал, ардчилал, эрх зүйт төр, шударга ёсны шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй байх тул иргэдийн ба улс орны амьдрах эрх, язгуур эрх ашиг, аюулгүй байдлын баталгаанд сөрөг үр дагавар учруулж мэдэхээр байна.   

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг “ хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 3 жил, онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 2 жил хасах” гэсэн агуулгаар өөрчлөх. Энэ зохицуулалт мэдээж хэрэг, хаалтад ороогүй гэмт хэрэгт хамаарна.  

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийг “…Эрүүгийн хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгох”-оор өөрчлөн найруулах.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хоорондоо дотоод болон хууль хэрэглээний ноцтой зөрчилтэй байна. 

Дээрх дурдсан заалтууд нь хамгийн ноцтой, нэн даруй засч залруулах ёстой хийдлүүд байх ба Өршөөл үзүүлэх тухай хуульд өөр бусад хийдлүүд байгааг “хуулийн байгууллага, хуульч, судлаачид” тодорхой илэрхийлээд эхэлснийг мөн анхаарч,  энэхүү хуулийн хийдлүүдийг нэн яаралтай засч, залруулна хэмээн найдах л үлдэж. Төрийн өршөөл шударга, түмэн олон минь амгалан байх болтугай.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж