
Соёлын биет бус өв, гар урлалыг сэргээх, хадгалж хамгаалах, судалж сурталчлах, өв тээгчийг тодруулан алдаршуулах, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах, өнөөгийн байдлыг олон нийтэд сурталчилах, өвийг хадгалж хамгаалах цаашдын зорилгыг тодорхойлж хэрэгжүүлэх зорилгоор БСШУ-ы сайдын өнгөрсөн онд гаргасан тушаалын дагуу “Ардын Урлагийн Их Наадам”-ыг зохион байгуулах комисс байгуулагдаж, үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус их наадмын анхан шатны шалгаруулалтыг баг, сум, дүүргийн хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сард, бүсийн наадмыг дөрөвдүгээр сараас зургаадугаар сард аймгийн төвд, төвлөрсөн арга хэмжээг энэ сард нийслэл Улаанбаатар хотод тус тус зохион байгуулж байна.
Шалгаруулалт аймаг, бүс, нийслэл, улсын гэсэн шат дарааллаар болох ба нэг аймгаас 20 хүртэл, нэг дүүргээс 30 хүртэл авьяастан, 30-50 ширхэг урчуудын бүтээлийг сонгон шалгаруулж, бүсийн наадамд оролцуулна. Энэхүү шалгаруулалтыг орон нутгийн салбар хороо бие дааж явуулсан ба бүсээс шалгарсан аймаг тус бүрээс 20 хүртэл, дүүрэг тус бүрээс 40 хүртэл тооны гар урлалын бүтээл төвлөрсөн арга хэмжээнд оролцох бөгөөд Уран зургийн галерейд гар урлалын үзэсгэлэн энэ сарын 29-нөөс ирэх долдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдана.
Наадмын хүрээнд яруу найраг, уртын дуу, үндэсний хөгжим, уран дархан, үйл урын урлаг, аман хуур зэрэг 14 төрлөөр шалгаруулалт явуулж байгаа ба үүнд мэргэжлийн байгууллагад ажилладаг уран бүтээлчид оролцохгүйгээрээ онцлог юм.