Байгалийн баялгаар арвин Төв Азийн орнуудад нөлөөгөө нэмэгдүүлэх хэрэгцээ их гүрнүүдийн өмнө тулгарчээ. Төв Ази болон Каспийн тэнгисийн сав газар газрын тосны нөөцөөрөө Ойрхи Дорнодын дараа хоёрт ордог. Газар зүйн байршлын хувьд ч Төв Азийн стратегийн ач холбогдол эдийн засгийн ашиг сонирхлоос дутахгүй. Саяхан Монголд үдлээд мордсон Японы ерөнхий сайд Шинзо Абе Төв Азийн таван оронд айлчилж, мөнгөн бороо оруулаад буцсан. Японы талаас Монголоос гадна Төв Азид хөрөнгө оруулж, байгалийн баялгаас нь хүртэх зорилгоо нуугаагүй. Японы Төв Ази дахь ашиг сонирхол бүс нутагт өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөө, ОХУ-аас санхүүгийн хараат байдлыг бууруулах байв.
АНУ-ын холбоотон Япон улс Төв Азийн орнуудтай худалдаа наймаагаа өргөжүүлэхтэй зэрэгцэн Вашингтон ч харилцаагаа зузаатгахыг хичээж байна. АНУ-ын хувьд Төв Азийн газрын тосны ордуудыг ашиглах сонирхол их байгаа аж. Энэ талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Узбекистанд Төв Азийн таван орны гадаад хэргийн сайд нартай уулзах үеэрээ тэдний тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалахад анхаарч, дэмжихээ мэдэгдсэн юм. Түүний энэ мэдэгдэл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний орнуудыг Украинтай адил байдалд орохоос сэргийлэх далд санааг агуулсан мэт. Мөн АНУ Афганистанаас цэргээ гаргах болсноор Төв Азийн орнуудад терроризм, зэвсэгт бүлэглэлүүдийн аюул заналхийлэхээс давхар сэрэмжилж байна. Төв Азид исламийн зэвсэгт бүлэглэлүүд олшрох нь ОХУ-ын аюулгүй байдал цаашлаад Хятадын Шинжаанд тархах эрсдэлтэй.
Бээжин сүүлийн жилүүдэд Төв Азийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хичээх болсон. Хятадын зүгээс Төв Азийг эрчим хүч импортлох найдвартай эх үүсвэр гэж харж байна. Мөн Төв Азиар дамжин Европ руу хүрэх худалдааны сүлжээ үүсгэх зорилготой байгаа аж. Бээжин “Торгоны зам” эдийн засгийн хонгилыг байгуулах төслөө эрчимжүүлэх болсноор Төв Азийн орнууд Хятадтай худалдаа наймааны харилцаа холбоо тогтоох нь эрс нэмэгджээ.
Харин ОХУ Төв Азийн аюулгүй байдлыг хамгаалж, улс төр, эдийн засгийн харилцаа холбоогоо хадгалахад анхаарч байна. Газрын тос, байгалийн хийгээр баян Азийн орнууд баялгаа тээвэрлэх өөр шугамтай болвол ОХУ-ын Каспийн тэнгис орчмоос зөөвөрлөх газрын тос, байгалийн хийн хэмжээ багасахаас гадна бүс нутаг дахь Оросын нөлөө буурч эхлэх гэнэ. Түүнээс гадна ЗХУ задарснаас хойш Бүгд Найрамдах улсуудад үлдсэн 20 орчим сая орос иргэдийн олонх нь Төв Азид амьдардаг байна. Тэдний эрх, тэгш байдлыг хангах нь ОХУ-ын гадаад бодлогын нэг хэсэг болдог аж. ОХУ-ын хувьд Төв Азид Хятадтай тэнцэх хэмжээний байр сууриа хадгалах нь нэн чухал. Үүний тулд ОХУ нь цэрэг зэвсгийн хүчин чадлаа сөргүүлэн тавьж, хүчний тэнцвэрийг хангахыг зорьж байгаа аж.
Б.АНХТУЯА