Ой тогтоолтын тэмцээнд Монголын баг түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтын тэмцээнд Монголын баг түрүүлэв

Тайваны Ой тогтоолтын Олон улсын нээлттэй тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд (X.31-XI.01) боллоо. Тус тэмцээний бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд 12 орны нийт 81 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж оюун ухаанаа уралдууллаа.

Манай улсаас Монголын оюун ухааны академийн тамирчид ОУ-ын их мастер Ө.Сэнгэсамдан, их мастер С.Цогдбадрах, өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин, ОУ-ын мастер А.Анударь, М.Төгөлдөр, Э.Ялгуун, Ш.Шижир-Од, М.Тамир нар, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон авах боломжит 70 медалийн 38 медаль (20 алт, 4 мөнгө, 14 хүрэл)-ийг хүртэж нийлбэр дүнгээр Монгол улс багаараа илт давуу байдалтайгаар түрүүлжээ.

Oдоогоор өсвөрийн дэлхийн 17 дээд амжилтын 10-ыг нь эзэмшдэг Монголын тамирчид энэ удаагийн тэмцээнд авах боломжит 30 медалийн 19-ийг нь хүртэж, дэлхийд номер нэг гэдгээ дахин баталлаа.

Нийлбэр дүн: (нас насны ангилал):

Насанд хүрэгчдийн ангилалд:

1. ОУ-ын их мастер Simon Reinhard (Герман)
2. Их мастер Zheng Aiqing (Хятад)
3. Их мастер Yanjindulam Altansuh (Швед)
4. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан (Монгол)

Өсвөр насны ангилалд:

1. Т.Энхжин (Монгол)
2. А.Анударь(Монгол)
3. Э.Ялгуун (Монгол)

Бага насны ангилалд:

1. М.Тамир (Монгол)
2. Jan Jelo Juanir (Филиппин)
3. Ш.Шижир-Од (Монгол)

Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан Spoken Number буюу Дуут цифр төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ыг эвдэж 432 цифрээр шинэчлэн тогтоолоо. Өсвөр насны ангилалд ОУ-ын аварга Т.Энхжин “Олон багц хөзөр” төрөлд урьд өмнө нь их мастер Э.Пүрэвжавын эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилтыг мөн шинэчилсэн байна.

Дашрамд дуулгахад, Ирэх 12 дугаар сард 24 дэх удаагийн Ой тогтоолтын ДАШТ манай урд хөршид болох юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж