Аль-Шабааб зэвсэгт бүлэглэл Сомалийн нийслэл Могадишу хотын “Сафари” зочид буудалд халдлага үйлдэж, парламентын гишүүний амийг хөнөөжээ. Халдлагын үеэр 15 хүн амь үрэгдсэний дунд 2011 онд аль-Шабааб бүлэглэлийн эсрэг ажиллагааг тэргүүлсэн цэргийн генерал байгаа аж.
Зэвсэгт этгээдүүд хоёр автомашинд тэсрэх бөмбөг дэлбэлж, зочид буудал руу дайрч орон гал нээсэн байна. Үүний дараа Африкийн холбооны цэргүүд болон Сомалийн тусгай албаныхан зэвсэгт дайчидтай ширүүн буудалцсаны эцэст зочид буудлыг чөлөөлсөн аж. “Сафари” зочид буудалд Сомалийн парламентын гишүүд тогтмол хурал цуглаан, уулзалт зохион байгуулдаг байв.
Өмнөх өдөр нь Африкийн холбооны цэргүүд Этиопын хилийн ойр орших Бакул хотноо зэвсэгт дайчидтай ширүүн тулаан хийж, олон жихадыг устгасан аж.
Аль-Шабааб бүлэглэл өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Сомалийн хөрш Кени улсын Гарисса хот дахь их сургуулийн коллежид халдаж, 150 орчим хүнийг хөнөөсөн билээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС