2 их наядыг яаж босгох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

2 их наядыг яаж босгох вэ?

УИХ энэ оны нэгдсэн төсвийг тодотгосон ч алдагдлын хэмжээг бууруулж чадсангүй, 1.179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий таван хувьтай тэнцүүлж баталлаа. Ингэснээр 2015 оны нэгдсэн төсвийн нийт орлого 6,074.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт зардал 7,263.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.8 хувьтай тэнцэх болж байна.

Оны төгсгөлд улсын нэгдсэн төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрэх эрсдэл үүссэн учраас Засгийн газар зардлаа бууруулах зорилготой 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн ч УИХ зарчмын томоохон өөрчлөлт хийж чадсангүй. Төрийн өндөр дээд албан тушаалтан болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах Засгийн газрын төлөвлөгөө УИХ-д очоод унав. Эхлээд ч хууль тогтоогчид 2015 оны төсвийн тодотголыг амаа олохгүй магтсан, дунд үеэс байр суурь нь өөрчлөгдсөнөөр арваннэг, арванхоёрдугаар сарын цалингийн хасалтыг хамгаалж үлдэв. Юун УИХ, Засгийн газрын гишүүд, туслах, зөвлөхүүд, Төрийн нарийн бичгийн дарга нарын цалинг 30 хүртэл хувиар бууруулж 1.8 тэрбум төгрөг танах, үлгэрийн далай болж ядаж яваа төсөвтөө 1.8 тэрбум төгрөгийн зардлыг үүрүүлж орхилоо. Энэ янзаар бол УИХ 2016 оны төсвийн алдагдлыг 3.3 хувиар батална гэдэг юу л бол… Наанаа өр зээл болохоо байлаа гэж халаглах ч баталж буй төсөв нь бонд гаргаад төсвийн алдагдлаа нөхөхгүй юу гэдэг сонголтыг л Засгийн газарт үлдээж байна.

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа шинэ он гарна. Гэтэл төсөвт төвлөрсөн татварын орлого нь дөрвөн их наяд төгрөг. Үлдэж буй хоёр сар хүрэхгүй хугацаанд хоёр их наяд төгрөг төвлөрөх үү. Уул уурхай моодноос гарч, нүүрс, зэснээс орж ирдэг экспортын орлого навс буурсан. Махаа экспортолж нэг тэрбум ам.долларын орлого олно гэх ч одоохондоо цээжний хонжоо л болохоос ажил хэрэг болтол өдий сонсогдох. Экспортоллоо гэхэд энэ ондоо багтаад юань шажигнаад ороод ирэх нь юу л бол… Эцэст нь шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр татвар, гаалийнхан хэдэн татвар төлөгчид рүүгээ довтлох болж байх шиг. Хугацаатай үүрэг өгөгддөгийг хэлэх үү, толгой хяргачих гээд л сэлэм эргүүлэх нь лавтай. УИХ, Засгийн газраас өгөгдсөн даалгавраа биелүүлж байгаа тэднийг буруутгахад ч бас бэрх. Төлөвлөсөн орлого татварт төвлөрөхгүй бол төсөвт байгууллагууд цалингаа авч чадахгүй, ахмадууд тэтгэвэргүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжаа авч чадахгүй болно. Тэгэхээр татварынхан л сайн ажиллахаас өөр арга замгүй болж байгаа юм.

УИХ-ын төсвийг тодотгохдоо хийсэн нэг “буянтай” ажил нь дэд сайд нарыг цомхотгов. Хүмүүс ярьж байна, “З.Энхболдын танхим ч дэд сайдуудыг хусаад хаялаа шүү” гэж… Ингэж ярих нь аргагүй. Хуучнаар МАХН/МАН/ Засгийн эрхийг барьж эхэлсэн 2000 оны үеэс эхтэй дэд сайдын албан тушаалыг үе үеийн Засгийн газар тоог нь нэмж, тордон татвар төлөгчдөд ачаа үүрүүлж ирснээс цомхотгох санал гарч байсан удаагүй. УИХ-аар 2015 оны төсвийг оны эхэнд тодотгох үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх албан тушаалыг байхгүй болгох санаачлага гаргаж, парламентаас дэмжлэг хүлээсэн ч нэг хоногийн дараа буцсан юм даг. Сангийн сайд Б.Болорын хэлснээр бол МАН-ынхан гүйж харайлгасаар байгаад дэд сайд нарыг авч үлдсэн. Харин одоо 12 дэд сайд ажлаасаа чөлөөлөгдлөө. Шийдлийн Засгийн газар нь 19 дэд сайдтайгаас МАН Засгийн газраас гарснаар долоо нь чөлөөлөгдөж, 12 дэд сайд ажиллаж байсан нь төсөв тодотгох үеэр “хусагдав”. Улс төрийн карьер хөөх зорилготой байсан дэд сайд нарын хувьд гомдолтой суугаа нь мэдээж… Төсөв хүнд байхад ажил үүрэг нь давхардсан албан тушаалыг цомхотгож, төр толгойноосоо жижигрэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө л үргүй зардал болж хувирах тул бага гэхгүй ачаа л хөнгөрнө. Дээрх албан тушаалыг дагаад туслах, жолооч нар нь мөн чөлөөлөгдлөө. Гэвч хуулиараа бүгд ажилгүйдлийн тэтгэмж авах учраас төсөвт мөн л ачаа үүрүүлээд буцаж байна.

Цалингаа 30 хувь тануулалгүй авч үлдсэн хууль тогтоогчид төсөвт байгууллагуудын арваннэг, арванхоёрдугаар сарын урсгал зардлыг 15-20 хувь бууруулж 8.1 тэрбум төгрөг хэмнэжээ. Урсгал зардалд нь гадаад, дотоод томилолт, бичиг хэргийн зардал, шуудан холбоо, урамшуулал зэрэг багтаж байгаа юм. Төдөлгүй халаалт, дулааныхаа зардлыг ч төлж чадахгүй боллоо гэдэг гомдол доороосоо эхлээд гараад эхлэхгүй бол урсгал зардалд танаж болох, тэвчиж болох зардал хэчнээн их болохыг ганцхан далайлтаар хяргасан 8.1 тэрбумын таналт харуулна.

Шийдлийн Засгийн газрын тэргүүн татвар нэмэхгүй гэх байр суурийг өнгөрсөн хавар чуулганы танхимд өгч байсан ч амлалтаасаа буцаж, нефтийн бүтээгдэхүүнд ногддог Онцгой албан татвар/ОАТ/-ыг нэмэгдүүлэх эрхээ УИХ-аас авч чадлаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг ОАТ-ыг нэмснээр 60 гаруй тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлэхээр тооцоод байна. Тэгсэн хэрнээ архи, согтууруулах ундаанд ногдуулдаг ОАТ-аа буулгахаар УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.

Засгийн газрын хувьд архинд ногдуулдаг ОАТ-ыг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан нь анхны тохиолдол биш. Өмнө нь буюу 2015 оны эхээр архи, тамхинд ногдуулах ОАТ-ыг валютаар бус төгрөгөөр тооцох, ингэхдээ 1450 төгрөгөөр тооцох хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар энэ оны төсөвт төвлөрөх татварын орлого нь 60 орчим тэрбум төгрөгөөр буурсан. Шархыг нь нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэгдүүлж олох гаргалгаа хийсэн бололтой, УИХ-ч уухайн тас батлаад өглөө.

Мөн 2015 онд төсвийнхний цалинг нэмэхэд зориулж 90 тэрбум төгрөг суулгасан ч түүнийгээ тодотголоор хасч, 0 болголоо. Гэвч төсвийн алдагдал буурсангүй, -5 хувь зааж, шархыг нь бонд гаргаж нөхөхөөс өөр арга зам үлдсэнгүй.

Ирэх оноос төлөх улсын өр ДНБ-ий 50 шахам хувьтай тэнцэх болж байгааг ярих хэрнээ ийм өндөр алдагдалтай төсөв баталж болж байгаа юм уу, хууль тогтоогчид оо. Би үхсэнээс чи үхсэн нь дээр гэдэг үг бий бил үү. Тийм л сонголтыг үлдээлээ дээ.


Сайд нар хэдийг зарцуулах вэ?

УИХ төсөв ерөнхийлөн захирагч нарын төсвийн зарцуулалтыг дараах байдлаар баталж өглөө.

1.Ерөнхийлөгчийн тамгын газар 6.3 тэрбум

2.УИХ-ын дарга 26.2 тэрбум

3.Үндсэн хуулийн цэц 809.6 сая

4.Улсын Дээд Шүүх 3.9 тэрбум

5.Шүүхийн ерөнхий зөвлөл 52.1 тэрбум

6.Хүний эрхийн үндэсний комисс 832 сая

7.Улсын ерөнхий прокурор 18 тэрбум

8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2.048 тэрбум

9.Улсын ерөнхий аудитор 9.7 тэрбум

10.Авлигатай тэмцэх газрын дарга 10.4 тэрбум

11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 4.1 тэрбум

12.Төрийн албаны зөвлөлийн дарга 612.6 сая

13.Үндэсний статистикийн хорооны дарга 7.4 тэрбум

14.Сонгуулийн ерөнхий хорооны дарга 876.6 сая

15.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга  507.2 сая

16.Ерөнхий сайд 76.8 тэрбум

17.Шадар сайд 109.7 тэрбум

18.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 15.203 тэрбум

19.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 67.7 тэрбум

20.Гадаад хэргийн сайд 60.5 тэрбум

21.Сангийн сайд 2.9 их наяд

22.Хууль зүйн сайд 415.3 тэрбум

23.Зам тээврийн сайд 158.4 тэрбум

24.Батлан хамгаалахын сайд 201.7 тэрбум

25.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1.1 их наяд

26.Уул уурхайн сайд 19.8 тэрбум

27.Хүнс хөдөө аж ахуйн сайд 135.2 тэрбум

28.Хөдөлмөрийн сайд 52.8 тэрбум

29.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 404.3 тэрбум

30.Эрүүл мэнд, спортын сайд 605 тэрбум

31.Аж үйлдвэрийн сайд 19.3 тэрбум

32.Барилга хот байгуулалтын сайд 57.8 тэрбум төгрөг зарцуулна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж