АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо өчигдөр болсон хурдан морьдын "Breeders cup 2015" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Макс"-ын Д.Ганбаатарын хүлэг, алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан Mongolian Saturday хүлэг түрүүлж, тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртлээ.
Зүлгэн буюу зөөлөн хучилттай замын спринт төрөлд нийт 14 морь уралдсанаас Mongolian Saturday 14 дугаартай уралдсан юм. Эхний болон сүүлчийн дугаарыг авсан морь бусад морьдоос байрлалын хувьд давуу гэж судлаач нар үздэг юм байна. Өнгөрсөн жилийн аварга "Bobby's Kitten" болон "Mongolian Saturday"-г 15 хүн тутмын нэг нь түрүүлнэ гэж бооцоо тавьсан бол Английн хатан хааны нэрэмжит уралдаанд түрүүлсэн "Undrafted"-д дөрвөн хүн тутмын нэг нь түрүүлнэ гэж итгэл хүлээлгэж байжээ. Харин "Bobby's Kitten", "Undrafted" морьд дөрөв, тавд орсон байна.
“Mongolian Saturday” нэртэй үрээ Тод манлай уяач “макс” Д.Ганбаатарын соёолон үрээ аж. Энэ үрээг анх Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээр хожмоо хурдлах морь болно хэмээн шинжиж “макс” Д.Ганбаатарт худалдаж авахыг санал болгосон байдаг.
Тод манлай уяач “макс” Д.ГАНБААТАР хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ "Морьтон монголчуудын хувьд дэлхийн том уралдаанд түрүүлнэ гэдэг бол мөрөөдөл байсан. Бид өнөөдөр тэр мөрөөдлийг биелүүлж чадлаа. Үнэхээр сайхан байна. Монгол хүүхдүүд 4, 5 настайгаасаа морь унаж, олон км замыг туулж, уралддаг. Монголчууд 4000 гаруй морьдыг уралдуулж, Геннисийн номд бичигдсэн түүхтэй. Энэ өдөр бид дэлхийн уралдаан түрүүллээ. Морийг уясан алдарт уяач Э.Ганбат найздаа, жокей Флоран Жиру болон бүх тусалсан хүмүүст талархаж байна." гэсэн юм.
Алдарт уяач Э.ГАНБАТ: "Бид таван жилийн өмнө том мөрөөдөл өвөртлөн Америкт ирсэн. Энд морин тойруулгын хамгийн том зах зээл байна. Бид Австрали, Англи, Франц зэрэг орнуудыг судлаж үзсэн. Монголдоо морь уях, тойруулын морь уях бол их ялгаатай. Бид маш хурдан суралцаж байна. Цаашид морио ХонгКонг, Дубайд уралдуулах хүсэлтэй байгаа. Англид ч мөн уралдуулахаар мөрөөдөж байна." гэлээ.
Унаач Флоран Жир (Франц): "Эхнээсээ надад түрүүнд гарч уралдах зөвлөгөө өгсөн. Морь маань дайчин байж уралдааныг өнгөлж эхэлсэн. “Mongolian Saturday” үнэхээр тайван, хүчтэй байсан. Морины эзэн, сургагч нар маань надад үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн.
“Mongolian Saturday” хүлэг ойролцоогоор 1,1 км тойрог замыг нэг минут, 0,3 секундэд туулжээ.
“Mongolian Saturday” цэвэр англи үүлдэрийнх аж. 2015 он гарснаас хойш нийт долоон том тэмцээнд уралдахдаа 2 түрүүлж, 3 удаа аман хүзүүлж, 2 удаа гурваар давхисан. Эдгээр амжилтаараа “Breeders CUP”-т уралдах эрхийг авсан бөгөөд ийнхүү дэлхийн тавцанд уралдаж, бүр түрүүлж чадлаа.
"Mongolian Saturday" морь "Breeders cup 2015" ДАШТ-д түрүүлж, эзэндээ 500 мянган ам.долларын шагналыг авчирчээ.
Ч.БОЛОР