Ө.Уянга Монголын сонгодгуудыг эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Ө.Уянга Монголын сонгодгуудыг эгшиглүүлнэ

Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайг бүрдүүлж чадсан чадварлаг дуучин, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын энэ цагийн шилдэг сопраны нэг Ө.Уянга дөрөв дэх бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм. Тэрбээр энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд 19.00 цагаас “Монгол” нэртэй тоглолтоо хийнэ. Түүний энэ удаагийн тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим, Улсын филармонийн симфони найрал хөгжим хамтран их найрал хөгжим болж тоглох юм. Мөн тоглолтод Монголын мэргэжлийн уран бүтээлчдэд зориулан хийсэн томооохон дуунууд эгшиглэх ажээ. Гадаадын сонгодог бүтээлийг ард түмэндээ хүргэж, Монголын сонгодог урлагт өөрийн хувь нэмрийг оруулсан дуучин Ө.Уянга тоглолтдоо Н.Жанцанноров, Б.Шарав, Т.Сэр-Од зэрэг Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдийг дуулахаар бэлтгэжээ. “Монгол” нэртэй монголын сонгодгууд эгшиглэх энэ тоглолтын симфони найрал хөгжмийг УДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх, Б.Нямдаш Улсын филармонийн симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаач, профессор Н.Бүтэнбаяр нар удирдах аж. Харин тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Apple production”, ерөнхий ивээн тэтгэгчээр “ONE” Хөвсгөл нэг үе клуб ажиллаж байна.

УДБЭТ-ийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга нь театрын тайзнаа тавигдсан дэлхийн болон Монголын сонгодог дууриудын 10 гаруй гол ба туслах дүрийг бүтээсэн юм. Тэрбээр анхны бие даасан тоглолтоо 2007 оны нэгдүгээр сар УДБЭТ-т “Уянга” нэртэйгээр, 2008 оны арванхоёрдугаар сарын 13-нд, 2009 оны арванхоёрдугаар сарын 17-нд “Grand Opera” тоглолтоо тус тус хийж байсан юм. Харин энэ удаагийн “Монгол” тоглолтын тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Соёлын төв өргөөний кассаар худалдаалж буйг дашрамд дуулгая.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж