Энэ жилийн III улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилийн үнэлгээгээр 1,5 хувийн өсөлтийг харуулсан тухай тус улсын Худалдааны яамны урьдчилсан мэдээнд өгүүлжээ.
Bloomberg агентлагийн асуулгад оролцсон шинжээчид Америкийн эдийн засаг долдугаар сараас есөн сарын хооронд 1,6 хувийг өсөлттэй байна гэсэн юм. Оны II улиралд АНУ-ын ДНБ 3,9 хувийн өсөлттэй байсан нь өнгөрсөн оны III улирлаас хойших хамгийн дээд үзүүлэлт байлаа.
Гуравдугаар улиралд эдийн засгийн өсөлт ийнхүү удааширсан нь гол төлөв агуулахуудын барааны нөөц хорогдсонтой холбоотой ажээ. Барааны нөөц нь өмнөх улирлынхаас хоёр дахин бага байснаар 1,4 хувийн уналтыг гаргасан байв. Нөөцийн өөрчлөлтийг тооцоогүй бол эдийн засгийн өсөлт нь гурван хувь болох байжээ.
Үйлдвэрлэгч нарын агуулахын нөөц хорогдсон нь хэрэглэгчдийн болон бизнесийн зүгээс өндөр эрэлт байсныг гэрчилнэ. Энэ нь эргээд аж үйлдвэрлэл удахгүй тогтворжино гэсэн үг юм. “ДНБ-ний мэдээ нь үнэн хэрэгтээ санаснаас хүчтэй үзүүлэлт юм. Дөрөвдүгээр улирал эдийн засгийн өсөлт нь баярын улиралтай холбоотой ихээхэн эрэлтийн улмаас улам нэмэгдэнэ” гэж PNC Financial Services компанийн эдийн засагч Стюарт Хоффман хэлж байна.
Америкийн ДНБ-ний 70 хувь ноогддог хэрэглэгчдийн эрэлт энэ жилийн III улиралд 3,2 хувь хүртэл буурчээ. Өмнөх улиралд өсөлт нь 3,6 хувь байсан юм. Холбооны нөөцийн системийн инфляцийн эрсдлийг тооцдог Core PCE (Personal Consumption Expenditures, Excluding Food & Energy) индекс III улиралд 1,3 хувьтай байв. Төрийн зарлага улиралд 1,7 хувиар өсчээ.
Худалдааны яамны пүрэв гаригт танилцуулсан энэ урьдчилсан мэдээ нь ДНБ-ний өсөлтийн шинэчлэн тооцдог гурван мэдээний эхнийх нь юм. Тухайлбал өмнөх улиралын эцсийн үнэлгээний мэдээ ирэх сарын сүүлчээр гарна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР