Итгэлт хамбын хувилбар жинхэнэ шүтээн мөн үү?

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Итгэлт хамбын хувилбар жинхэнэ шүтээн мөн үү?

Монголчууд шүтээнээ эрэл­хийлсэн ард түмэн бололтой. Шүтэж болдог л юм байвал хү­ний, өөрийн гэж үл ялгана. Дээр үед Их хүрээ орж, Богдод мөргөхөөр морьтой явган зүт­гэж ирдэг байсан ард түмэн өнөө­дөр шүтээнээ эрж хайж, дэл­хийг хэрдэг болсон. Утай, Гүм­бум, Энэтхэг, Түвд, Итгэлт хамба гээд монгол сүсэгт­нүү­дийн цуваа гадагш чиглэн урсдаг.

Тэгвэл Монголд Итгэлт хамбатай жишихүйц шүтээн илэрч, олны анхаарлыг гойд татаж байна. Энэ нь физик хуулийн хувьд занданшуулж хатаасан шарил боловч шашны үүднээс бол “гүн бясалгалын байдалд шилжсэн амьд гэгээн­тэн” юм. Уг дуулиан Их Бри­танийн “Telegraph” сонин “Улаан­баатар хотоос тугалын арьсанд боосон ламын цогцос олдлоо. Лам ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа тул бүрмөсөн амьсгал хураагаагүй, амьд хэвээрээ байгаа гэж Буддын шинжээчид үзэж байна” хэмээн нийтэлснээр дэлхийн сонорт хүртэл хүрчээ.

Монголоос олдсон 200 жи­лийн настай занданшуулсан ша­рил жинхэнэ шүтээн мөн, биш эсэх дээр гол маргаан өрнөж байна. Шашны зүтгэлтнүүд “Лам зүүн гараа дэлгэж, баруун гараараа судар айлдах гэж буйг бэлгэдсэн байдалтай олдсон нь эртний Буддын шашны ёс бөгөөд үхээгүйг нотолно” гэж тайлбарласан. Зарим нь “Зандан­шуулсан гэдэг үгийг энэ тохиолдолд хэрэглэж болохгүй. Нүд нь хараастай, биед нь хүр­вэл бүлээн мэдрэгдэнэ. Энэ нь амьд гэдгийн нотолгоо. Бурх­ны шашин хийгээд шинж­лэх ухааны гойд үзэгдэл юм. Энэ бол монголчуудын төдий­гүй дэлхийн гайхамшиг” гэж ч сүсэг­лэж буй. Орчин үеийн шинж­­лэх ухаанд хүн бие барс­наас хойш эд эс нь үхжиж, хам­гийн тэсвэртэй яс гэхэд 20 жи­лийн дараа оргүй алга болдыг тог­тоосон. Гэтэл Монголоос олдсон Цорж лам Санжжавын шарил бүв бүтнээрээ 200 жи­лийг өнгөрөөжээ.

Ямартай ч, үхэл амьдралын хоорондох замыг гэтлэх “Тук­дам” хэмээх гүн бясалгал хийж байгаа лам хүн гэдэг дээр нэгдэж буй бололтой. Яг ийм үзэгдлүүд дэлхий дээр хэр олон юм бол. Анхны олон ний­­тэд мэдэгдсэн нь 2002 онд ОХУ-ын Буриадад гарч байжээ. Даши-Доржо Итигилов  хэмээх ламын занданшуулсан шарилыг газраас ухаж гаргахад өмхийрч, муудсан шинж ба­раг ажиг­лагдаагүй юм. Итиги­лов гэ­гээнтэн “бүрмөсөн үхээ­гүй” бө­гөөд түүний биеийн тем­пе­ра­тур Улаан Үдийн сүмийн тэмдэглэлт арга хэмжээнүүдийн үеэр нэмэгддэг байна. Түүнийг 1927 онд бясалгал хийж байгаад амьсгал хураахад  шавь нар нь очир завилгаар суулган, биеийг нь давсаар боожээ. Энэ бол мө­нөөх алдарт Итгэлт хамба бөлгөө.

Мөн Тайландын Самуй ар­лын Буддист сүмд хадга­лаг­даж буй лам багшийн мумми нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Луан Фо Даэн нэртэй лам 79 насандаа бясалгал хийж байгаад өөд болсон юм. Түүнийг нас барсны дараа шавь нар нь шарилыг шилэн хоргонд хийж хадгалан олон нийтийн өмнө дэлгэн тавьжээ. Мөн хар нүдний шил зүүлгэсэн байна. Ламын шарил 1979 оноос хойш өнөөг хүртэл сайтар хад­галагдаж байгаа бөгөөд жуул­чид байнга очиж хүндэтгэл үзүүл­дэг гэнэ. Гутгаар нь ийн­хүү Монголд харьяалагдаж, Архангай аймагт залраад байна.

Цорж лам Санжжавыг олд­­­соны дараа гадаад, дотоо­дын шашны зүтгэтнүүдээс гад­на шинжлэх ухааны төлөө­лөг­чид өөрсдийн санал бод­лоо илэрхийлсэн. Тэдний хэн нь ч “Цорж лам амьд” гэ­сэн мэ­дээллийг 100 хувь үгүйс­гээгүй. Санал бодлоо илэр­хий­лэгсдийн ихэнх нь гүн бясалгал шинжлэх ухаанд нээлттэй сэдэв хэвээр, хүн төрөлхтний энэ талаарх мэдлэг үнэнхүү хомс байгааг хүлээн зөвшөөрсөн байв.

Харин үнэн байж болно гэсэн мэдэгдлийг  нэг  бус эрдэм­­тэн хийжээ. Тухайлбал, бүх буд­дын шашинтны тэр­гүүн, оюун санааны удир­дагч XIV Далай лам Данзанжамцын эмч, доктор Бэрри Керзин “Монгол лам үхээгүй. Гэгээрсэн хүмүүс ийм байдлаар бясалгалд ордог. Үүнийг тукдам гэж нэрлэдэг. Хэрвээ ийм байдлаар удаан байх аваас будда болох боломжтой” гэсэн байсан юм.

Чөлөөт нэвтэрхий тольд “Тукдам”-ыг “Зөвхөн агуу мастеруудын л хүрч чаддаг бя­сал­галын хамгийн дээд зэрэг” хэмээн тодорхойлжээ. Харин бусад шинж тэмдгийн талаарх мэдээллүүд хоорондоо зөрж байна. Хүн төрөлхтний гарал үүслийн талаар цуврал ном бичиж алдаршсан эрдэмтэн Эрнст Мулдашев гүн бясалгалд орсон хүний бие яг л чулуу шиг хатуу, хүйтэн болдог гэсэн бол “Түвдийн үхэл, амьдрал” хэмээх ном бичсэн Согьял Ринчопе “Тукдамд орсон хүн амьсгалахгүй, бодисын солил­цоо нь зогсч, яг л амьгүй мэт болох авч царай туяатай, арьс нь уян зөөлөн хэвээрээ үлддэг” гэжээ. Мөн Э.Мулдашев бясал­галыг “Хүмүүний сүнс нь махан бие, бодит ертөнцтэй гагц­хүү бодлоороо хүлээстэй байдаг. Хэрвээ хүн 1-5 секунд бод­лоо­соо ангижирч чадвал амар ам­галанг олж, минутаас дээш байвал дээд мэдлэгтэй хол­бог­дож, энэхүү байдлаа илүү удаан хадгалбал самади буюу гүн бясалгалд ордог” гэх мая­­гаар то­дорхойлсон байдаг. Түү­ний­хээр бол бидний хэн нь ч энэ аргаар самадид хүрч чадах аж.

Тукдамд 14, 21 хоносон ба­римт цөөнгүй байгаа ч 200, түү­нээс дээш жил байсан баримт ба­раг байхгүйтэй адил аж. Түвдийн Гьюдмед дацан­гийн лам Ген Лувсан Калден 2012 оны хоёрдугаар сарын 22-нд 85 насандаа жанч халж, 14 хоногийн турш тукдамд байжээ. Харин 15 дахь хоног дээр багшийн хамарнаас цус гарсан байхыг нэгэн шавь нь хараад багшийгаа тукдамаас гарсныг мэдсэн гэсэн байна. Хамраас цус гарах нь тукдамаас гарсныг илтгэх шинж гэнэ.

АНУ-ын Висконсины их сур­­гуулийн захиргаа 2007 оны арванхоёрдугаар сард “Тук­дам”-ыг судлах төсөл эх­лүүлж, доктор Ричард Дэвид­соноор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Түвдийн Гэлүг шашны сургуулийн багш Лувсанням 2009 оны ес­дүгээр сарын 14-нд нас барж, 18 хоногийн турш тукдамд байсан явдал судалгааны ба­гийн­­ханд маш том олз болсон байна. Эрдэмтэд Далай ламд хүсэлт гарган зөвшөөрөл авч, Лувсаннямын биеийг ор­чин үеийн технологи ашиг­лан судалсан ч “Амьд” гэсэн дүгнэлт гаргахаас өөрийг хийж чадаагүй байдаг. Даш­рамд, Далай ламын зүгээс тукдамын нууцыг шинжлэх ухааны үүднээс тайлах нь маш ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд судалгаа шинжил­гээ хийх хүсэлт тавьбал тат­гал­зах­гүй гэсэн утгатай мэдэгд­лийг тухайн үед хийж байжээ.            

Тэгвэл занданшуулсан шүтээнийг хүмүүс шүтэх ёс­той юу. Олон зуун жил хэ­вээр хад­галагдаж чадаж буй нууцыг сүсэгтнүүд ид шид гэж үздэг. Бурхад л ийм төр­лийн ид шид үзүүлж чадна гэж хү­мүүс итгэдэг. Тийм уч­раас уг занданшуулсан ша­рилыг шү­тээн маягаар тус­гай сүм барьж оршоогоод, хам­гаа­лалт­тай, эзэнтэй, олон нийт  мөргөх бо­ломж­­той болгох нь зүйтэй гэх байр суурь олон байна.

Эсрэг талд зүгээр л зандан­шуулж, хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалагдаж чадсан шарилыг шүтэх нь хэр нийцтэй вэ гэсэн үл итгэх үзэгдэл ч бий. Гэвч занданшуулна гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч, тусгай аргаар занданшуулдаг гэнэ. Борцолдогтой төстэй юм уу даа. Ийм занданшуулсан шарилыг “муми” гэж нэрлэж заншсан. Тэгвэл Цорж ламын биед тархи хийгээд дотор эрхтэн нь бүгд байгаа нь занданшуулсан шарил биш гэх дүгнэлтэд хүргэж буй аж.  Тиймээс л Итгэлт хамбатай эгээ адил гэж тодорхойлж байгаа гэнэ. Орост байгуулагдсан Итгэлт хамбыг судлах институт түүний эд эсээс дээж авч, шинжлээд амьд хүний эд эс байна гэдгийг тогтоосон. Тэрээр 150 жилийн настай, нүд нь аниатай, эрүү нь унжиж суулт өгсөн бол манай Цорж 200 жилийн настай, нүд нь нээлттэй олдсон. Доктор Барри Керзин “Хэрэв бясалгагч хүн ийм байрлалаа удаан хадгалж чадвал Бурхан Будда болдог” гэжээ.

Итгэлт хамбатай харь­цуу­лах, жишихийн учир нь Цорж ламын шарил олдсоноор бидэнд бий болж буй боломжийн тухай ярих гэснийх. Учир нь өдгөө Итгэлт хамбад мөргөх аяллыг зохион байгуулдаг есөн компани Монголд байна. 2008-2014 оны байдлаар Монгол Улсаас нийт давхардсан тоогоор 160.293  мөргөлч Итгэлт хамбыг зорьсон судалгаа байдаг. Үүнээс бид дотоодоос гадагшаа гарч буй эдийн засгийн урсгалыг олж харж болно. Итгэлт хамбад мөргөх аяллын зардалд нэг хүн  хамгийн багадаа 300 мянган төгрөг зарцуулдаг. Түүнийг нийт аялсан хүнийхээ тоотой үржүүлэхэд бидний Итгэлт хамбад сүсэглэж буйн бодит өртөг гарч ирнэ. Тэгвэл олдоод буй Цорж лам тэрхүү өртгийг дотооддоо хадгалж үлдэх боломж гэж харагдаж байна.

Нөгөөтэйгүүр, дэлхий дээр буддын шашны сүсэгтэн ая­лагчдын тоо Энэтхэг, Түвд улсуу­дад жилд дунджаар 60 саяд хүрдэг ажээ. Харин Монгол Улс жилд 5 сая жуул­чин хүлээн авдаг болох мөрөө­дөлтэй. Жи­лээс жилд л аялал жуулч­лалын тоогоо нэмэгдүүлэх төрөл бүрийн хөтөлбөр зохион байгуулдаг, төсөв мөнгө зардаг. Харамсалтай нь, Итгэлт хамбын хэрээний жуулчдыг ч татаж чаддаггүй нь нууц биш.

Саяхны жишээ нийслэлээс 560 сая төгрөг зарцуулан зохион байгуулсан шашны даншиг наадмыг нэрлэж болно. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Даншиг наадмаар нэг сая жуулчин хүлээн авахаар тооцоолж байгаа. Зардлаа нөхөөд, ашигтай ажиллах болно” гэж амлаж байсан ч биелээгүй. Жуулчдын анхаарлыг хү­рээ цам хийж, бөх барилдуулснаар татдаггүй юм байна гэдгийг ноён хотын дарга ойлгосон биз ээ. Аялал жуулчлалд ялгаагүй маркетинг, PR л хэрэгтэй. Итгэлт хамбын аялал яагаад жуулчдын анхаарлыг байнга татаж байна вэ гэвэл түүний талаарх элдэв цуу, дам яриа, домог нь байдаг. Энэ хүн 75 насандаа өөд болохдоо “Би 75 жилийн дараа дахин төрж, хүн төрөлхтөн, байгаль дэлхийнхээ төлөө буян үйлдэх болно” хэмээн гэ­рээс­лэсэн гэдэг. Түүний ша­рилыг яг 75 жилийн дараа Иволгын дацанд залсан байдаг. Нас бараад 75 жил болсон ч түүний бие муудаагүй, үс хумс, арьс нь яг амьд хүнийх шиг, шүд нь маш сайн байжээ. Бас бие нь 36 хэмийн дулаан, биеэс нь дулаан ялгардаг, өвөл шилэн хоргонд хийхэд цантдаг гэнэ. Бараг л амьсгалж байдаг гэнэ гэх мэт яриа л сүсэгтэн, жуулчдыг тийш зориход хангалттай сэдэл болдог хэрэг. Тэгвэл Монголоос олдоод буй  Цорж ламын шарилыг тийн “пиардаж” болох бус уу. Утай, Гүмбум, Итгэлт хамба руу чиглэсэн гадаадын урсгалыг  татаж чаддаггүй юм аа гэхэд дотоодынхоо аялагчдыг тогтоон барих бүрэн боломж нээгдлээ.

Д.ДАМДИНЖАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж