Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Бид ер нь хэн юм бэ

Цаг үе өөрчлөгдөж, салхи эргэж байна. БНХАУ-д хам­гийн дээд тал нь 40 тонны даацтай машинаар ачаа ачдаг бол Монголын нутаг дэвсгэрээс хамгийн багадаа л 100 тонны багтаамжтай нүүрсний машин өдөр шөнө­гүй хөвөрч байна. Мон­гол хүн Хятадын нутагт өөрийнхөө машинтай 10 км газар ч явж чадахгүй байхад, хятад жолооч Монголын  газар нутаг руу 300 шахам км газар нэвтэрч ороод нүүрс тээвэрлээд хээв нэг гарч байна. Солонгос бизнесмэн Монголд ирээд хүссэн газраа худалдаж аваад “хулхи” бизнес хийж болоод байхад монгол хүн Өмнөд Солонгост “Хар ажилчин” гэх нэр зүүж байж сая нэг хөл тавьж байна. Монголын виз хэн бүхэнд нээлттэй байдаг хэрнээ монгол хү­ний мэ­дүүлсэн гадны орны виз болгонд ямар нэгэн саад бэрхшээл тулгарсаар байна. Энэ бол цаг өөрчлөгдсөний л шинж. Бид яаж ч орилж тийчлээд гадаадад хо­ригдож байгаа монгол хү­нээ суллуулж чадахгүй бай­хад хэн нэгнийг маань дай­раад хороочихсон гадны иргэн хоёр жилийн ял аваад шүүхийн танхимаас инээгээд гарч байна. Бид бодсон шигээ амьдрах гэж зүтгээд ч болж өгдөггүй өөрчлөлттэй нийгэмд амьдарсаар байна. Гадны оронд хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болоод нэг л хүний эрх зөрчигдсөн бол тэр оронд бараг л дайн самуун дэгдэхэд хүрч байхад Мон­голд байдал яг эсрэгээрээ байгааг юу гэж үзэх вэ. Туул голын бургасыг огтолж гольфийн талбай барьж байгаа гадны компанийнхны толгойг илдэг төрийн түшээ манайд олон бий. Гэтэл Монголын 50 мянган иргэн ажлын байрнаасаа салчихаад байхад гэдийж суучихаад хөдөлж өгдөггүй төрийн түшээд бүр ч олон байна. Ер нь ардчилсан Монгол Улсын иргэд бид хэн юм бэ. Иргэн нь гэж итгээд иргэний үнэмлэхээ байнга нандигнаж өвөртөө хадгалах хэрэг бидэнд байна уу.

Б.ЭНХМӨНХ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж