Эдийн засгийн ухаан гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн ухаан гэж юу вэ?

Эдийн засаг нь бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Үүнийг өөрөөр хязгаарлагдмал баялаг нөөц, хязгааргүй хэрэгцээ хоёрын хоорондын хамаарал, уялдаа балансыг судлах ухаан ч гэж нэрлэх нь бий. “Economics” хэмээх нэр томъёо нь эртний грекийн οἰκονομία /oikonomia/ буюу "өрх гэр авч явах ухаан"  + nomos буюу "хууль, заншил" гэсэн утгатай үгнээс гаралтай. Өнөөгийн орчин цагийн эдийн засгийн загварууд 20 дугаар зууны сүүл үеэс үүсэж эхэлсэн бөгөөд тухайн цаг үеийн онцлогтой уялдаатайгаар, илүү эмпирик /туршилтаар нотлогдохуйц/ шинж чанартай болсон. Эдийн засагчид эдийн засаг хэрхэн ажилладаг, эдийн засгийн хүчин зүйлс хоорондоо ямар уялдаатай байдгийг тайлбарлахаар оролддог. Эдийн засгийн ухаан нь нийгэм, бизнес, улс төр, боловсрол гэх мэт бусад олон ухагдахуун, шинжлэх ухааны салбар ухаануудтай уялдаатай байдаг.

Дэлхийн эдийн засгийн ухааны олон түүхэн урсгалуудыг сонгодог эдийн засгийн онол, марксизм, неоклассик эдийн засгийн онол, Кейнсын эдийн засаг, Чикагогийн эдийн засгийн онол, бусад сургуулиуд гэж ангилдаг. Хамарч буй хүрээгээр нь макро эдийн засаг, микро эдийн засаг гэж ангилдаг. Микро эдийн засагт бизнес /фирм буюу пүүс/ болон хувь хүний түвшинд эдийн засгийн асуудлуудыг судалдаг бөгөөд үүнд зах зээлүүд, эрэлт, нийлүүлэлт, фирмүүд, олон нийтийн зах зээл гэсэн ойлголтуудыг судалдаг. Макро эдийн засгийн хүрээнд эдийн засгийн өсөлт, бизнесийн цикл, инфляц, мөнгөний бодлого, санхүүгийн бодлого ба зохицуулалтууд гэх мэт ойлголтуудыг судалдаг. Эдийн засаг сайн хөгжиж байгаа үед эдийн засагчид магтуулдаг бол эдийн засгийн хямралын үед шүүмжлүүлэх нь олонтаа байдаг.

Эдийн засгийн ухааныг товчоор юу гэж хэлж болох вэ? Ийм нэгэн домог яриа байдаг. Эрт цагт нэг хаан байжээ. Тэрээр улс орноо мэргэнээр захирахын тулд эрдэмтдээ цуглуулж, өөрт нь тухайн цаг үеийн эдийн засгийн ухааны оргил мэдлэг, ухааныг танилцуулах тушаал буулгажээ. Хэдэн жилийн дараа эрдэмтэд хэдэн арван боть ном хэвлүүлэн хаанд авчирч танилцуулсан байна. Гэвч хаан зав муутай уншиж амжихгүй байсан учраас ганц боть ном болгох тушаал буулгасан. Эрдэмтэд хааны тушаалыг дагахаас өөр аргагүй тул багцлан ганц боть ном болгон хэсэг хугацааны дараа авчирч өгчээ. Домог цааш хүүрнэнэ. Хаан дайн байлдаан, улс орны хэрэг гээд нэг боть ном ч унших завгүй тул сүүлд нь эдийн засгийн ухааныг ганц өгүүлбэрээр илэрхийлэхийг эрдэмтдэд тушаана. Эрдэмтэн мэргэд хааны тушаалыг сонсоод биелүүлэх аргагүй зүйл хэмээн шантарна. Гэвч сүүлд нь хаанд ганц өгүүлбэр танилцуулах бөгөөд түүнд нь “Үнэгүй өдрийн хоол гэж байдаггүй” гэж өгүүлсэн байдаг ажээ. Үүний утга нь Монголын “Гар хөдөлбөл ам тосдоно” хэмээх зүйр үгтэй дүйх юм. Үнэндээ хэрхэн гараа хөдөлгөж, яаж амаа тосдох вэ гэдгийг эдийн засгийн ухаан судалдаг.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж