“Дуусашгүй” хэргийн эзэн

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

“Дуусашгүй” хэргийн эзэн

УИХ-ын гишүүн Ш.Сайхан­сам­бууд үүсгэсэн эрүүгийн хэрэгтэй  холбогдуулан өнгөрсөн баасан га­ригт  Авлигатай тэмцэх газрынхан түүнээс мэдүүлэг авчээ. “Ав­лига өгсөн улс төрчидтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна” гэх утгатай ярилцлагыг өдөр тутмын нэгэн сонинд өгснийнх нь дараа тус газрын Мөрдөн  шалгах хэлтсийнхэн  түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Улмаар өнөөг хүртэл намжихгүй байгаа уг хэргийг “Борооны өмнөх хар үүл” хэмээн улстөрчид тодорхойлж байна. Харин угийн хээгүй, дипломын боловсролгүй хэмээн гоочлуулдаг тэрбээр үүнийг юман чинээ тоохгүй байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн билээ. “Нарантуул”-ын босс болох хүртлээ ганзагын наймаагаар өсч дэвжин   Завхан нутгаасаа парламентад залрахдаа ч “согтуугаар” тангараг өргөж са­хилгагүйтсэн удаатай. “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийг зарим үед хөтлөх болсон шигээ дуусахааргүй ийм нэг хэрэгт тэр нэгэнт орооцолджээ. Дарга нараа хүртэл “шилгээсэн” Авлигатай тэмцэх газрынхантай шөргөөцөлдвөл сайнаа үзэхгүй гэсэн ойлголт сүүлийн үед бий болоод байгааг тэрбээр сөрж зогсож чадах болов уу. Халдашгүй дархан эрхийг нь эвтэйхэн аргалж байгаад “Хуулийн дагуу шийдсэн” гэдэг тайлбартайгаар түүнийг шоронд хийж лав дөнгөнө. Харин эрхэм гишүүн “ Угаас төрийн алба хашиж буй хүмүүс ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг. Тийм болохоор  би өөрийгөө авлигачдын дунд сууж байна гэж хэлсэн. Түүнээс биш авлига өгч, авсан зүйл байхгүй” гэсэн тайлбар өгч буй. Сая дуудахад нь ч үүнийгээ л хэлсэн аж. Хэдийгээр  тэрбээр “Төрийн нэр барьсан муусайн юмнууд хүчээр ял төлөвлөөд шоронд хийвэл хийнэ л биз. Би худлаа юм хэлээгүй болохоор айхгүй байна” хэмээж байгаа ч сонгуулийн тов наашилсан эгзэгтэй үе ирснийг санахад илүүдэхгүй биз ээ.  Муугаар бодоход л сэжигтнээр хэрэгт та­тагдсан Ш.Сайхансамбуу бусдад ав­лига өгсөн болох нь  шүүхээр нот­логдвол гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан аж.

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж