“Охидын ухаалаг хөтөч”, “Хөвгүүдийн ухаалаг хөтөч” нэртэй номын нээлт боллоо.
Өсвөр насны охид, хөвгүүдийн амьдралын 2 дахь 10 жил буюу 10-19 нас гэдэг бол яг том хүн ч биш хүүхэд ч биш завсрын үе бөгөөд энэ үеийг “Шилжилтийн нас” гэж нэрлэдэг. Энэ үед хүний биеийн хөгжил, төлөвшлийн ихэнх өөрчлөлтүүд гардаг тул хүүхдүүд өөрийн бие, сэтгэл санааны өөрчлөлтийн талаар мэдэж авах хэрэгцээ их байдаг. Гэтэл тэд дотны хүнээсээ ч энэ тухай асууж, ярилцаж чаддаггүй. Үүнээсээ болоод сэтгэл гутралд орох үе ч гардаг.
Тухайн насны хүүхдийн дотны зөвлөх болж чадсан энэхүү гарын авлагыг мэргэжлийн эмч нар зохиож, холбогдох боловсролын байгууллагаар хянуулсны үндсэн дээр “Сайхан Батцэнгэл” ХХК, “Эрүүл мэнд амьдралын тойрог” нийгэмлэгийн хамтран өөрсдийн хөрөнгөөр хэвлүүлжээ. Тэд энэхүү гарын авлагаа үндэсний хэмжээний нийт ерөнхий боловсролын сургууль, номын санд үнэ төлбөргүй хүргэж байгаа аж.
О.БАТ