АНУ-ын Засгийн газар хакерчдын хараанд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын Засгийн газар хакерчдын хараанд оржээ

Хятадын Жинан хот зургаан сая оршин суугчтай. Тус хотын Шандонг Лансянгийн мэргэжлийн сургууль жил бүр 30 мянган механикч, үсчин, гагнуурчин бэлтгэн  гаргадаг. Бээжингийн 2008 оны олимпийн аваргуудын нэлээд хэд нь эндээс гаралтай. Гэвч тэр бүр хэл аманд ороод байдаггүй Жинан хоттой холбоотой дуулианыг “Google” компани гэнэт гаргав. Үүнтэй зэрэгцээд Олон улсын валютын сангийн нууц файлууд алдагдсан тухай албаны төлөөлөгчид мэдэгдлээ.

Саяхан Жинанаас гаралтай Хятадын хакерчид “Google”-ийн “gmail” үйлчилгээний хэрэглэгчдийн электрон шууданд нэвтэрчээ. Цахим ертөнцийн гигант компанийг сан­даргахад хүргэсэн жинхэнэ шалтгаан нь тэдгээр хэрэглэгч нь АНУ-ын Засгийн газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байжээ. “Google” болон Цагаан ордоны төлөөлөгчид үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав. Үнэн хэрэгтээ тэд үүнээс илүүг одоохондоо мэдэхгүй байгаа бололтой. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газраас энэ бүхэн эх орных нь төрийн нууцад халдах гэсэн оролдлого гэх таамгийг дэвшүүлжээ. Хакерын халдлагыг Жинанаас хийсэн гэдгийг тэд тогтоогоод байгаа. Тэр дундаа бүр Шандонг Лансянгийн мэргэжлийн сургуулийн байрнаас. Харин тус сургууль Хятадын Ардын армитай удаан хугацааны турш холбоотой ажилласаар ирсэн газар. Сургуулийн захиргаанаас ямар ч кибер халдлага хийгээгүй гэж мэдэгдсэн нь мэдээж. Гэхдээ энэ хамаагүй. Америкчууд албан ёсны нотолгоо олсон эсэхээсээ үл хамаараад Хятадын эрх баригчид өөрсдийг нь нууцаар тагнаж чагнаж байгаа хэмээн сэжиглэх болж. Тиймээс Холбооны мөрдөх товчооны цагдаа нар энэ хэргийг шалгаж эхэлсэн байна.

Өнгөрсөн онд “Wikileaks” сайтад “Google”-ийн сүлжээнд Хятадын талаас олон удаа нууцаар нэвтрэхийг оролдож байгааг нотолсон АНУ-ын Засгийн газрын нууц файлыг дэлгэсэн юм. Хэдийгээр үүнийг Хятадын Засгийн газар үгүйсгэж байгаа боловч Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас тэдний хакерын халдлага хийснийг нотолсон хөдлөшгүй баримт олсон гэдгээ мэдэгджээ. “Нью-Йорк таймс” сонинд мэдээлснээр Хятадын Засгийн газар тэдгээр хакерчдыг тусгайлан бэлтгэсэн аж. Тэгэхээр энэ асуудал нэлээд эртнээс хоёр орны хооронд маргаан үүсгэх хэмжээнд хүртэл хурцдаж байсан гэсэн үг юм.

Пентагоноос “Иймэрхүү кибер халдлага үргэлжилсээр байвал энэ нь товчхондоо нэг төрлийн дайн болно гэсэн үг. Хэрэв тэд манай торыг эвдэлбэл бид тэднийх рүү пуужин илгээж магадгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. АНУ, Израйль, Их Британийн Засгийн газрын төлөөлөгчид Ираны уран баяжуулах цогцолборын компью­терууд руу “Stuxnet” гэдэг шинэ вирус нэвтрүүлснээ хүлээн зөв­шөөрсөн. Түүнчлэн 2008 онд Гүржтэй богинохон хугацаанд дай­тах үед ОХУ-ын талаас нэр бүхий вэбсайтуудын үйл ажиллагааг зог­соох зорилгоор хакердаж байжээ. Магадгүй тухайн үед тэд Пентагоны нэгдүгээр зэрэглэлийн нууцлалтай компьютеруудын хамгаалалтыг нэвт­рэх ажиллагаанд тусалж байсан байж магадгүй хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм.

“Google” компанийн “gmail”-ийн хакердалтад өртсөн хүмүүс дунд АНУ-ын албаны төлөөлөгчдөөс гадна Өмнөд Солонгос тэргүүтэй Азийн хэд хэдэн орны өндөр албан тушаалтнууд байсан явдал нь үүнд улс төрийн шалтгаан байгаа гэдгийг хангалттай нотолж байна. “Google”-ийн хувьд энэ бүхний ард Хятадын Засгийн газар байгаа эсэхт анхаарахгүй байна. Харин хэрэглэгчдийнх нь электрон шууданг ямар нэг хэмжээгээр хянахыг оролдож буй явдалд санаа зовжээ.

“Google” иймэрхүү асуудалд өмнө нь олон удаа орооцолдож байсан. Анх 2009 оны арванхоёрдугаар сард “Хятадын нутаг дэвсгэрээс манай сүлжээнд хууль бусаар нэвтрэх оролдого хийлээ” хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед үүнийг Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгчид дэмжиж байжээ. Хакерчдын халдлагад өртөхөөс сэргийлэхийн тулд Засгийн газрууд эдийн засгийн болоод технологийн хувьд саад хийхийн тулд олон тэрбум ам.долларын хөрөнгө гаргах шаардлагатай болдог. Тэр мөнгөөр уран баяжуулж, цөмийн зэвсэг бүтээж болохуйц хангалттай их хөрөнгө.

Хамгийн сүүлд Олон улсын валютын сангийн төлөөлөгчид улс орнуудын эдийн засгийн тайлантай холбоотой мэдээлэл алдагдсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Энэ хэрэг Доминик Штраусс Кан хүчингийн хэрэгт холбогдож баривчлагдахаас хэдэн сарын өмнө болжээ. Хүндхэн байдалд орсон эдийн засаг бүхий орнуудтай холбоотой мэдээлэл цөөнгүй алдагдсан гэдэг нь тэдгээр улсын сул талыг хэн нэгэн мэддэг болсон гэсэн үг. Үүнд албаны төлөөлөгчид нэлээд санаа зовж байгаа бололтой. Гэхдээ тэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Олон улсын валютын сангаас Дэлхийн банктай холбогдох сүлжээг тасалсан байна. Хэдийгээр энэ нь хоёр байгууллага хоорондоо санхүүгийн мэдээлэл солилцдог шугам биш боловч нэлээд асуудал үүсгэж байгаа юм. Учир нь Олон улсын валютын сан, Дэлхийн банк аль аль нь Вашингтонтой нягт холбоотой ажилладаг билээ. 

Цаашид иймэрхүү кибер халдлагын тоо өсөх хандлагатай байгааг шинжээчид онцлох болсон. “Сони”, “EMC” корпорациуд ч мөн хакерчдын дайралтад өртсөн. Өнгөрсөн онд зөвхөн АНУ-ын Засгийн газар гэхэд 300 мянга орчим кибер халдлагад оржээ. Тэдний 100 орчмыг бусад орны Засгийн газраас хийсэн гэдгийг Вашингтоны төлөөлөгчид онцолж байгаа. Ингэхдээ цэрэг, зэвсэг болон хамгаалалттай холбоотой мэдээлэл рүү нэвтрэхийг оролдож байжээ. Тиймээс тус улс ойрын таван жилд цахим ертөнц дэх аюулгүй байдлаа хангахын тулд 13 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж