Өршөөл үзүүлэх тухай хууль өчигдөр батлагдаж, хэдэн сарын турш улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байсан авлига, албан тушаалтны хэргүүдийг өршөөхөөргүй болсон. Энэ асуудлаар гишүүдийн байр суурийг сонирхсон юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
-Өршөөлийн хууль ярвигтай замыг туулж эцэслэн батлагдлаа. Монгол улсад ардчилсан парламент үүссэний 25жилийн ойд зориулан Өршөөлийн хуулийг өргөн барьсан. Өргөн барих явцад УИХ-аас томилогдсон ажлын хэсэг нилээд өөрчлөлт оруулсан байсан. Өөрчлөлт гэдэг нь авлига, албан тушаал, залилангийн хэргийг өршөөх нэмэлт хийж оруулж ирсэн. Үндсэндээ бол үзэл санаанаас нь өөрчилж оруулж ирсэн. Улмаар УИХ энэ хуулийг хэлэлцэж баталсан. Энэ бол нэг ёсондоо Монголын улс төрийн дархлааг шалгасан томоохон үйл явц боллоо. Авилга албан тушаалын гэмт хэргийн өмнө Монголын парламент толгой бөхийж, бууж өгсөн гэж хэлж болно. Гэвч олон нийтийн идэвхитэй дэмжлэгийн хүчинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьсан. Авлига, албан тушаалтны гэмт хэрэгтэй холбоотой долоон бүлэг заалтаар хориг тавьсан. Энэ хоригийг УИХ-аар эцэслэн шийдвэрлэлээ. Үндсэндээ ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авлаа. Ингэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод хэлэлцэж баталлаа. Энэ бол үнэхээр том үйл явц юм. Энэ хууль батлагдсантай холбогдуулаад Авлигатай тэмцэх газрын ажил үүрэг, тэмцэх гол чиглэл, байг тодорхой болгосон гэж би харж байна. Улс төрийн 1900, захиргааны 11 мянга орчим албан тушаалтанд холбоотой асуудлыг зааглаж өгөөд бусад иргэд аж ахуй нэгжид холбоотой ойлгомжгүй байсан асуудлуудыг өршөөлийн хуульд хамруулах шийдвэр гаргасан гэж хэлж болно.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
-Өршөөлийн хуулийг тойрч нилээн ярьлаа. Өнгөрсөн хугацаанд хэн ямар байр суурьтай байсныг маш тодорхой харуулсан ийм үйл явц боллоо гэж хэлж болно. Эцсийн дүнд авлига, хээл хахууль, албан тушаал, төсвийн мөнгийг идсэн уусан хэрэгтэй холбоотой хэргийг өршөөхгүй гэдэг шийдвэрийг гаргалаа. Сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол Улсын төр зургаан удаа өршөөлийн хууль гаргасан. Ингэхдээ тодорхой зарчим барьж ажиллаж байсан. Нэг ёсондоо бол анх удаа гэмт хэрэг хийсэн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэргийг өршөөх, ял эдлэх хугацааг хөнгөлөх зарчимаар явж байсан. Тиймээс хуучин зарчимд нь оруулах гэж оролдсон ийм үйл явдал боллоо гэж хэлж болно. Төр өөрөө авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгаа энэ тэмцэл бол амаргүй байна. Цаашид төр оршихуу эс оршихуу гэдэг асуудал саяын хэлэлцүүлэгч хөндөгдсөн. Яагаад вэ гэвэл ямар нэг улс төрийн хүчин сонгуульд ялж гарч ирээд сонгуулийн эхний жилүүдэд татвар төлөгчдийн мөнгө, бондоо буруу зөв зарцуулчихаад ард түмнээр дүн тавиулах дөхөөд ирэхээр өөрсдийгөө өршөөдөг ийм тогтолцоо бий болчихвол төрд шударга ёс алдагдана гэж үзэж хардлага дагуулсан заалтыг батлахгүй гэдэг байр суурь дээр МАН хатуу зогссон.
Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед хэн юу ярьсныг дахин сануулая.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Энэ хуулийг анх санаачлахдаа татвар төлөгчид, баялаг бүтээгчдийг өршөөе, жирийн иргэдээ өршөөе гэж байсан. Н.Алтанхуяг гишүүний хэлсэнчлэн хуулийг гууль болгож, хутга шөвөг болгож байгаа асуудлыг болиулъя гэж анх энэ хуулийг санаачилсан юм. Хууль батлахдаа бид алдаа хийсэн. Ард түмний нэрийн өмнөөс албан тушаал хашихдаа тэдний мөнгийг хууль бусаар зарцуулсан хүмүүсийг өршөөхөөр болчихсон. Энэ асуудал дээр хичнээн их хэрэлдэв бид.
Авлига гэдэг үзэгдэл зөвхөн хээл хахууль авах биш юм. Таван шинж ардаа агуулдаг. Хээл хахууль авах, албан тушаалаа урвуулан авах, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, хууль бусаар хөрөнгөжих гэсэн багц асуудлыг ардаа дагуулдаг юм. Энэ хориг дотор харин эдийн засгийн гэмт хэрэг байна. Эдийн засгийн гэмт хэрэг дээр Ерөнхийлөгч яагаад хориг тавьсан юм бол гэж гайхаад сууж байна. Харин ардчилсан намын сонгуулийн хөтөлбөр бол авлигатай тэмцэх. Тиймээс эдийн засгийн гэмт хэргүүдээ өршөөгөөд авлигачдыг өршөөхгүйгээр хуулийг батлах ёстой.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
Хүмүүс ярьж байснаасаа ухардаг юм байна. 8000 хоригдолтой холбоотой асуудал байсныг улстөржүүллээ. Дээр нь эрх зүйн байдлыг нь дордуулсан байдлыг оруулж ирж хэлэлцүүллээ.
Ё.Отгонбаяр гишүүнийг нэр цохож хэлье, Р.Гончигдорж та хоёрын хэн нь авлигач вэ гэвэл өөрөө шүү. Бусдыг залилсан хэрэг дуусаагүй байгаа, 2016 оны сонгуулийн өмнө таны энэ хэргийг шалгана. Миний хэрэг болж байвал бусад нь боллоо гэж битгий бод.
8000 хүнд хамааралтай болохоос тань шиг хүнд хамааралтай биш. УИХ, Засгийн газрын гишүүнд хамааралгүй гэж хашгираад гаргахгүй яасан юм. Өөрийнхөө төлөө бөгс долоож явж байгаа юм байна. би таны өмнөөс эмгэнэл илэрхийлье гэсэн билээ.
Т.ДАВААНЯМ