Ирэх сараас бүртгэл эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Ирэх сараас бүртгэл эхлэнэ

А.ЗАНГАД: ХЭЛЭНИЙ МЭДЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТЭНЦЭХГҮЙ БОЛ
 БҮРТГҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээ­гээр ажиллах иргэдийг тун удах­гүй бүртгэж эхэлнэ. Үүнтэй хол­­богдуулан Хөдөлмөрийн төв бир­жийн захирал А.Зангадаас зарим зүйлийг тодрууллаа.

-БНСУ-д ажиллах сонирхолтой иргэд олон байгаа байх. Энэ жилийн хувьд Гадаадад ажиллах хүч илгээх төвийг татан буулгасан болохоор зарим зүйлд өөрчлөлт орсон байх. Тийм үү?

-БНСУ-д Гадаадын ажилллах хүчний тухай хууль гэж 2005 оноос хойш мөрдүүлж эхэлсэн хууль бий. Энэ хуулийнхаа дагуу тус улс гаднаас ажиллах хүч авдаг. Өмнөд Солонгос улсын хувьд 10 гаруй улсаас ажиллах хүч авахаар тэр хуульдаа заасан байдаг юм билээ. Энэ дагуу хоёр улсын хөдөлмөрийн яамд харилцан ойлголцлын санамж бичиг үйлдээд, тэнд заасны дагуу ажиллах хүчээ авдаг. Уг санамж бичгийн дагуу Монгол Улсаас гадаадад ажиллах хүч илгээх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хариуцахаар болсон. Өмнө нь Гадаадад ажиллах хүч илгээх төв энэ ажлыг гүйцэтгэж байсныг мэдэх байх. Манай Хөдөлмөрийн төв биржийн хувьд Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай энэ ажилд хамтарч ажиллаж байна.

-Өнгөрсөн жил бүртгүүлсэн иргэдээс хэд нь Өмнөд Солонгост ажиллаж байгаа вэ. Энэ жилийн хувьд ямар байх бол?

-Өнгөрсөн онд шалгалтад орсон иргэдээс 800 гаруй нь Өмнөд Солонгосын хөдөлмөрийн биржид бүртгэгдээд байгаа. Энэ нь ажил хайгч гэсэн статустай байгаа гэсэн үг. Энэ онд Солонгос улсын Хөдөлмөрийн яамнаас 5000 хүнийг ажилтнаар авах боломжтой гэж мэдэгдсэн. Ирэх сарын 8-нд Солонгос хэлний шалгалт авах товыг зарлана. Мөн сарын 25-наас эхлэн бүртгэл явуулна. Есдүгээр сард шалгалт авах байх.

-Бүртгэл хийх ажил жилийн жилд иргэдэд нэлээд хүндрэл учруулдаг. Энэ жилийн хувьд үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Бүртгэлийг харъяа дүүрэг, орон нутагт нь хийх саналтай байна. Тэгэхгүй бол бүртгүүлэхийн тулд хөдөөнөөс ирэх иргэн олон байгаа нь өмнөх жилүүдэд ажиглагдсан. Тий­мээс аль болох иргэдэд хүндрэлгүй байх талаас нь зохион байгуулна.

-Бүртгэл, шалгалт зэрэг олон ажил болсны эцэст гадагшаа явж чадахгүй үлдэх нь бий?

-Энэ онд манай улсаас Солонгос руу 5000 хүн явах боломжгүй шүү дээ. Яагаад гэхээр өнгөрсөн жил шалгалт өгсөн хүмүүсээс 800 нь тэнд байгаа. Тэгэхээр энэ жил дээд тал нь мянга орчим хүн явах болов уу.

-Ер нь манайхан олноороо бүртгүүлдэг ч хэлний мэдлэг, эрүүл мэндийн хувьд огт бэлтгэлгүй байдаг гэж сонссон?

-Хувь хүний өөрийнх нь хариуцлага гэж бий. Хэлний шалгалт, эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Ер нь бэлтгэлгүйгээр шалгалтад орж ирэх тохиолдол их л дээ. Үүнийг иргэд өөрсдөө ухамсарлах хэрэгтэй.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж