Монголын хууль хүүхдэд хатуу

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Монголын хууль хүүхдэд хатуу

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн дэмжлэгтэйгээр “Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын симпозиумыг Төрийн ордонд хийж байна. Симпозиумд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд П.Фишер, ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн Эрүүгийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Шюнеманн, ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн профессор, доктор Л.В.Головко, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, академич С.Нарангэрэл нар илтгэл тавин хэлэлцүүлж, оролцогчдын асуултад хариулж байна.

Илтгэгчдийн зэрэгцээ оролцогчид мөн санал бодлоо илэрхийлж байгаа юм. Цагдаагийн академийн тэнхмийн эрхлэгч Б.Гантөмөр Эрүүгийн хуульд нэгдсэн үзэл баримтлал байхгүй байгааг хэлсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, академич С.Нарангэрэл нар ч тэгж үзэж байв. Эрүүгийн хуулийг 2002 онд шинэчилснээс хойш таван удаа өөрчлөлт оруулж, одоо ч өөрчлөлт оруулах дөрвөн төсөл явж байгаа нь нэгдсэн үзэл баримтлалгүйг гэрчилж байна гэж тэд үзэж байлаа. Хуулиудын уялдаа холбоо сул, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэхэд тус тусын зүйл заалтыг үгүйсгэсэн агуулгатай, хийдэл цоорхой ихтэй байгааг оролцогчид хэлэв. Мюнхений их сургуулийн доктор, профессор Б.Шюнеманн Монголын Эрүүгийн хуулиар насанд хүрэгчдэд хатуу ял оноож байгааг шүүмжилсэн юм. Дөнгөж төлөвшиж байгаа хүүхдийг алдаан дээр нь түлхэж, хүмүүжүүлж авахын оронд олон жилээр хорьж замыг нь алдуулдгийг буруу гэж байлаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж