-Үндэсний үйлдвэрлэгчид 2 тэрбум гаруй төгрөгийн бараа, бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд худалдлаа-
Монголд хэдийнэ өвөл ирсэн бол Хөх хотод намар үргэлжилж байна. Өндөр, өндөр барилгууд нь нарны гэрэл булаалдаж, хүний гараар бүтсэн ногоон ой нь шаргал навчсаа гөвтөл удах шинжтэй. Чин гүрний үед Умард-Өмнөдийн худалдааны гол төв болж байсан Хөх хот эдүгээ Өвөр Монголын Өөртөө засах орны улс төр, эдийн засаг, соёлын төв болж хөгжжээ. Хятадын 1.7 тэрбум орчим хүн амынх нь 2 сая гаруй нь дээрх хотод суурьшсан. Ирж, буцах жуулчдын тоо мөн саяаар яригдаж байна.
Газар зүйн байршлын хувьд Хөх хот нь Бээжингээс 669 км, Эрээн хотоос 490 км, Тианжины боомтоос 800 км зайтай оршин Зүүн Европын улс орнуудаас хэрэгжүүлдэг эдийн засгийн үйл ажиллагааны гүүр болж буй юм.
Байгалийн асар их баялагтай Хөх хотод өнгөрсөн өдрүүдэд “Монгол-Хятадын экспо” болж, хоёр талын бизнес эрхлэгчид хамтран ажиллах хэлэлцээрүүдийг байгууллаа. 100 гаруй хэлэлцээр, гэрээ зурагдсанаар 100 тэрбум юанаар хэмжигдэх хөрөнгө оруулалт Монголыг чиглэх болж байгаа юм. Тухайлбал, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 1.39 тэрбум юанийн хөрөнгө бүхий 10 төсөл зурагдсаны 9 нь Хятад, Монголын хамтын ажиллагааны төсөл бол нэг нь Хятад, Оросын хамтын ажиллагааны төсөл юм. Монгол, Хятад, Орос гурван улсын хил дамнасан аялал жуулчлалын шинэ хөгжил бий болгох зорилго дор дээрх төсөл хэрэгжинэ. Төслийн дагуу аялал жуучлалын хөтөч сургах, аялал жуучлалын шугам нээх зэрэг тодорхой ажлууд төлөвлөгдөөд байна.
Дэлхийн зах зээлд түүхий нүүрсний үнэ унаж, борлуулалт явахгүй болсон энэ цаг үед “Эрдэнэс тавантолгой” компани Хятадын баяжуулах үйлдвэрүүдэд нүүрсээ нийлүүлэхээр хамтран ажиллах гэрээг байгууллаа. Баяжуулах үйлдвэрт нүүрсээ экспортолсноор “Эрдэнэс тавантолгой” компанийн зардал буурах, өрсөлдөх чадвар дээшлэх, эцсийн хэрэглэгчийн хэрэгцээг хангах боломж бүрдэж байна. Тус компани нь 2014 онд 5.7 сая тонн нүүрс түүхийгээр нь экспортолсон бол 2015 онд 6 сая тоннд хүргэх зорилт тавьсан. Харин нүүрс баяжуулах үйлдвэртэй хамтран ажилласнаар нүүрсний экспортыг 28 сая тоннд хүргэнэ гэж үзэж байна.
Бүс нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд хил дамнасан чөлөөт бүсийг хөгжүүлэх, татварын болон татварын бус дарамтуудаа багасгах. Уул уурхай, хөдөө аж ахуйн асар том нөөцдөө тулгуурлан Монгол Улс боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд Хятадын дэмжлэгийг авах. Жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх хүрээнд тоног төхөөрөмжийг нь худалдан авахад Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс Хятадын талтай хамтран санхүүжилтийн механизм бий болгох зэрэг тодорхой санал тавьж, энэ чиглэлээр ажиллах болж байна.
Шинэ технологи, инновацийн тухай яриа хэлцэл ч амжилттай өрнөлөө. Өвөр Монголын Ордос хотын үзэмчин хошууны Чулуун доктор авто машины утааг шингэрүүлж, агаарын бохирдлыг бууруулах шинэ технологи нээснээ Монголын бизнес эрхлэгчид санал болгосон бол нано технологийн аргаар ноос, ноолуурын үнэрийг дарах уусмал бэлтгэснээ эрдэмтэн залуу мөн танилцууллаа. Монгол ноолуурын чанар дэлхийд үнэлэгддэг ч ноолууран бүтээгдэхүүн бороо, усанд орсны дараа үнэртэй болдог. Тэгвэл дээрх нано технологийн аргаар гаргаж авсан шингэн бодисыг ашигласнаар бүтээгдэхүүнээ илүү олон хүнд хүргэх бололцоо нээгдэж байна.
Хоёр талын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын үеэр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймгийн Олон улсын худалдааны төв хооронд санамж бичиг байгууллаа. Үр дүнд нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид Шилийн гол аймагт нэг жилийн турш 10 павилон, 60 лангуу үнэгүй ашиглаж бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болж байна. Үйлдвэрлэгчдийн хувьд энэ бол том боломж. Түм түчигнэсэн Хятадын энэ том зах зээл рүү Монголын үйлдвэрлэгчид хөл тавьснаар дан ганц уул уурхай дээр тогтож байгаа Монголын эдийн засагт нэгэн шинэ тэнцвэр бий болох эхлэл тавигдана гэсэн үг.
“Монгол-Хятадын экспо”-д энэ удаад үндэсний үйлдвэрлэгчдээс 200 гаруй нь оролцож, 600 гаруй нэр төрлийн бараагаа урд хөршийнхөнд санал болгосон юм. Нийт дүнгээрээ бараа бүтээгдэхүүн нь 2 тэрбум гаруй төгрөгөөр яригдаж байлаа. Үйлдвэрлэгчид арьс ширэн цүнх, гутал, хивс, мөнгөн тоногтой бүс, эсгий шаахай, шаазан аяга, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан. Борлуулалт ч сайн байж үйлдвэрлэгчид хил дамжуулан авчирсан бараагаа зарлаа.
Мөн “Мах маркет” компани 1000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг Өвөр Монголын зах зээлд гаргах гэрээнд гарын үсэг зурсан. Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл ч энд байгааг Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн онцолсон.
Оёмол бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ч байна, Г.Билгүүн даргын хэлснээр санхүүжилтийн дүн тодорхой бус ч Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаар дамжуулаад ажил хэргийн яриа нь шийдэгдчихсэн 15 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч хөрш орны бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар гарын үсэг зурсан нь салбарын яам нь санаачлаад ийн ажиллавал үндэсний үйлдвэрлэгчдийн өмнө том зах зээл, орон зай байгааг энэ удаагийн хамтарсан экспо нотоллоо.
Мөн “Талын зам”, “Шинэ торгоны зам”, “Эдийн засгийн коридор” зэрэг гурван орны зүгээс санал болгоод байгаа томоохон төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил хэргийн яриа өрнөж, тодорхой чиглэлүүдээр ажил өрнөх болж байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хэлсэнчлэн Монгол Улс дээрх томоохон төслүүдээс харилцан ашигтай байх шийдлийг олох ёстой. Тэр дундаа аж үйлдвэрийн орон болон хөгжихөд дээрх төсөлд Монгол хамгийн идэвхитэй оролцогч байх ёстой болж буй. Түүчээ ч амжилттай тавигдлаа.
“Монгол-Хятадын экспо”-г зохион байгуулахад БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Засгийн газар голлох үүрэгтэй оролцлоо. Монголын талаас 700 гаруй төлөөлөл оролцсон бол Хятадын талаас 7000 гаруй төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээ нь хоёр жил тутамд зохион байгуулагдана.
Г.ДАРЬ