Энэ оны эхний гурван сард Улаанбаатар хотод 3000 гаруй бэлгийн замын халдварт өвчин тэмбүүгийн тохиолдол бүртгэгджээ. Энэ тоо бол бэлгийн замын өвчлөл, тархалт их байгааг илтгэж байна гэсэн үг. 18-30 насны залуусын дунд бэлгийн замын халдварт өвчин ихсэх болсон нь бэлгийн замбараагүй амьдрал, бэлгийн боловсрол хангалтгүйтэй холбоотой гэж анагаах ухааны доктор Н.Нансалмаа эмч ярилцлагадаа дурдсан юм. Үнэхээр бэлгийн замын халдварт өвчлөл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд очсон уу гэдэгт хариулт авахаар "Адам" эрэгтэйчүүд, бөөрний эмнэлгийн эмч Н.Нансалмаатай ярилцлаа.
-Сүүлийн 10 жилд бэлгийн замын халдвар тогтмол өсөж байгаа гэсэн судалгаа байна. Яг хэдээс хэдэн насныхан дунд энэ өвчлөл тархаад байна вэ?
-Бэлгийн замын халдвар 15-49 насны хүмүүсийн дунд голдуу тархдаг. Гэхдээ нөлөөлөх хүчин зүйлүүд нь залуусын дунд бэлгийн боловсрол хангалтгүй, бэлгийн олон хавьтагчтай, халдвараа эмчлүүлэхээр эмнэлэгт хандахгүй байгаатай нэг талаар холбоотой. Мөн уул уурхайтай холбоотой гэрээсээ хол удаан ажиллаж буй хүмүүс, гэрлээгүй залуус, ижил хүйстэн хүмүүсийн дунд бэлгийн замын халдварын өвчлөл өндөр байдаг. Бэлгийн замын хориод төрлийн халдварууд байдаг. Гэхдээ мазокын шинжилгээгээр бүгдийг оношилох боломжгүй. Бэлгийн замын халдварыг уургийн түвшинд оношилдог орчин үеийн молекул биологийн шинжилгээ нь 12-15 төрлийн халдварыг аппаратын тусламжтайгаар шээсний сүв, үтрээний дээжинд хамгийн сайн оношилдог. Зарим халдварыг цуснаас илрүүлэх ба өвчин бүрт нууц хугацаа нь өөр байж болно. Нэг удаад олон халдвараар өвчлөх боломжтой гэсэн үг. Жишээ нь заг хүйтэн 2-5 хоногийн дотор шинж тэмдэг нь илэрдэг бол тэмбүү 21 хоногоос сарын дараа илэрнэ.
-Тэгвэл олон төрлийн халдваруудаас яг ямар халдвар нь залуучуудад ихээр оношлогдож байна?
-Хамгийн түгээмэл байгаа бэлгийн замын халдварууд нь заг хүйтэн, хламидиоз, трихоманиаз, нянгийн вагиноз, тэмбүү өвчнүүд байна. Заг хүйтэн эрэгтэйчүүдийн 90-95 хувьд шинж тэмдэгтэй, эмэгтэйд 70-75 хувь нь шинж тэмдэг бүхий явагддаг. Хламидийн халдвараар үүссэн хламидиоз өвчин нь ихэнхдээ бараг шинж тэмдэггүй явагдаж эрэгтэй, эмэгтэй хүмүүст үрийн сувгийн битүүрэл, төмсөгний дайвар болон өндгөвчний үрэвсэл, савны гадуур жирэмслэлтийг илүү үүсгэдэг. Мөн трихоманиаз гэдэг нь нэг эст амьтнаар үүссэн халдвар бөгөөд халмидийн халдвартай хамт тохиолдох нь элбэг. Тэмбүүгийн өвчлөл сүүлийн 3-4жилд огцом ихсэж байна. 2015 он гарсаар манай Адам эмнэлэгт 31 тэмбүүгийн шинэ халдвар илэрч эмчлүүлсэн нь өмнөх жилүүдээс 3-5 дахин их тоо юм. 2015 оны эхний гурван сард Улаанбаатар хотод 3000 гаруй тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэн. Энэ тоо бол өвчний өвчлөл, тархалт их байгааг илтгэж байна гэсэн үг.
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь илүү бэлгийн замын халдвартай байна вэ?
-Бэлгийн олон хавьтагчтай хүмүүс сүүлийн үед олширч байгаа нь бэлгийн замын халдвар эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаагүй л ихсэж байгаа. Гэхдээ өвчин бүрийн онцлогоос хамаараад эрэгтэй, эмэгтэй хүмүүст оношилогдох нь өөр байж болно.
-Улаан тарианы үе эргэн ирэв үү?
-Монгол улсад 1950-иад онд бэлгийн замын халдварыг бүрмөсөн эмчлэх зорилгоор улаан тарианы аян явуулж яр тэмбүүнээсээ салж байсан гэдэг. Гэтэл тэмбүүгийн өвчлөл сүүлийн 3-4 жилд огцом ихсэж байна. 2015 он гарсаар зөвхөн манай эмнэлэгт 31 тэмбүүгийн шинэ халдвар илэрч эмчлүүлсэн нь өмнөх жилүүдээс 3-5 дахин их тоо юм. 2015 оны эхний 3 сард Улаанбаатар хотод 3000 гаруй тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэн гэсэн тоо баримт байгаа нь энэ өвчний өвчлөл, тархалт их байгааг илтгэж байна. Тэмбүү өвчин ихсэж байгаа нь ХДХВ-ийн халдвар ч бас ихсэж байх боломжтой гэсэн үг. Тэмбүү өвчин нь бүрэн эмчлэхгүй бол тархи, зүрхийг гэмтээх, ургийн гажиг үүсгэх, дутуу төрөх, хараагүй болох гэх мэт алсын сөрөг үр дагавруудтай. Жирэмсэн эхээс төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж болох аюултай. Тэмбүү өвчин ихсэж байгаа нь ХДХВ-ийн халдвар ч бас ихсэж байх боломжтой гэсэн үг.
-Халдварт өвчнийг устгах, өвчлөлөөс яаж сэргийлэх ямар боломж бий вэ?
-Бэлгийн боловсрол, зөв мэдээлэл хангалтгүйгээс хүмүүс бэлгийн эрсдэлтэй харьцаа, зан үйлээс өөрсдийгөө сэргийлэхгүй байна. Бэлгэвчийг үнэгүй зөндөө тараасан ч ихэнх нь хэрэглэхгүй байгаагаас халдвар нэмэгдсээр л. Монголчууд бид анагаах ухаан, шинжлэх ухаанд итгэхгүй ам дамжсан яриагаар амьтны түүхий эд эрхтнээр эмчилнэ гэж итгэсээр, даарснаас, гадаа хүйтэнд эсвэл бохир нойлд бие засаад заг хүйтэн өвчин авсан гэж итгэдэг хүмүүс байсаар л байгаа нь үнэхээр харамсалтай. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс сайн дураараа тэмбүү, бэлгийн замын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж эмчлүүлбэл тэмбүү өвчин бүрэн эмчлэгддэг. Бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулах, эмчлэх нь эдийн засгийн том асуудал. Зарим нь хүний эрх зөрчлөө, сайн дураарaa хамрагдана гээд л эхлэх байх даа.
-Энэ бэлгийн замын өвчлөл үндэсний Аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх бол?
-Цөөхөн хүн амтай, тэдгээр нь нийслэлдээ бөөгнөрөн суугаа бидний хувьд тэмбүү болон бэлгийн замын халдвар нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Эдгээр нь нөхөн үржихүйн эд эрхтнүүдийг өвчлүүлж жирэмсэн эх, ураг, нярайн эрүүл мэндэд ноцтой аюул учруулна. Бэлгийн замын шалтгаантай хоёрдогч үргүйдэл ч эрэгтэй, эмэгтэй аль алинд нь бас ихсэж байгаа.
-Бусад орнуудад бэлгийн замын халдвар хир их байдаг, өвчнөө хэрхэн шийддэг бол?
-Анагаах ухааны дэвшлээс гадна нийгмийн эрүүл мэндийн хөгжил нь бэлгийн замын халдварын өвчлөл, тархалтыг илтгэдэг. Бэлгийн замын халдвар нь хөгжингүй орнуудад өндөр хөгжилтэй орнуудаас илүү тархацтай байдаг. Жишээ нь 325 сая гаруй хүнтэй АНУ-д жилд 70000 гаруй тэмбүүгийн тохиолдол 2013 онд бүртгэгдсэн байна. Япон улсад бэлгийн замын халдвараас хүний хөхөнцөр вирусийн халдвар өндөр, заг хүйтэн өвчин маш бага өвчлөлтэй байхад Африкийн Боцвана улсад хүн амын бараг тал хувь нь ХДХВ-ийн халдвартай гэх мэт.
-Эм тариа хэрэглээд байх нь зөв үү?
-Зөв. Халдвар авсан л бол заавал эмчлүүлэх ёстой. Харин найзаасаа, эмийн санчаас асууж шинжилгээгүй дур мэдэн эмчлэх нь халдварын шинж тэмдгийг бүдэгрүүлэх, оношийг төөрөгдүүлэх, дутуу болон буруу эмчлэх уршигтай. Залуус минь бэлгийн замын халдвараар өвдөөд эмчлүүлэх биш өвчлөхгүй байхын тулд нэг бэлгийн хавьтагчтай байж халдвараас сэргийлж сурах нь гол асуудал.
-Ярилцсанд баярлалаа.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ